Нэг үеэ бодоход цахим залилан, гэмт хэргийн талаар иргэд мэдээлэл сайтай болж бас ч няхуур ханддаг болсон. Гэвч хохирогч хянамгай болохын хэрээр залилагчийн арга төгөлдөржсөөр. Магад өөрийгөө хэрсүү гэж боддог ямар ч хүнийг технологийн дэвшил, заль мэхийг хоршуулан хохироох боломж бүрдсээр байна. Deep fake гэх хиймэл оюун ухаанд суурилсан технологиор дамжуулан үйлдэх гэмт хэрэг манай улсын хэмжээнд тогтвортой өсөх болжээ.Уг асуудлын талаар Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван-аас тодрууллаа.
ГАДААДААС МОНГОЛ РУУ ЧИГЛЭН ХИЙМЭЛ ОЮУНЫ ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ ЗАЛИЛАН ХИЙХ ЯВДАЛ ИХ БАЙНА
Хиймэл оюун ухаан ашиглан иргэдэд итгэл үнэмшил төрүүлж тэднийг гэмт хэргийнхээ хохирогч болгодог үйлдэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хиймэл оюун ухаан ашигласан видео нь ихэвчлэн хуурамч ажлын зар юм уу ямар нэгэн даалгавар биелүүлбэл мөнгө өгнө гэсэн агуулгатай байгаа юм. Тухайн хүний нүүр царай гарсан мөн маш итгэл үнэмшилтэй ярьж байгаа учир иргэд баталгаатай ажил эсвэл ашигтай бизнес юм байна гэдэгт бүрэн итгэдэг. Учир нь юу ч хийхгүйгээр мөнгө өгнө гэдгийг залилан гэж хүмүүс мэддэг болсон. Харин видеог нь үзээд холбогдсон хүмүүст хийх ажил болон даалгавар оноож эхний урамшууллыг нь шилжүүлж байгаа нь итгэж их мөнгөөр хохирох үндэс болж байна. Постер болон бичвэр хэлбэрээр хүний дүрс дээр хоолой дэвсэн залилан хийж байсан бол энэ нь бүр гүнзгийрч хиймэл оюун ухаан руу шилжсэн байна. Хиймэл оюун ухаан нь илүү итгэл төрүүлэхүйц байгаа юм. Энэ төрлийн залиланг гадаадаас Монгол улс руу чиглүүлэн хийж байгаа тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Зөвхөн Монгол гэлтгүй ядуу буурай болон хөгжиж буй орнууд руу чиглэсэн энэ мэт цахим залилангийн арга хэрэгсэл технологи дээр суурилан бүр л хөгжингүй болсоор байна.
DEEP FAKE ГЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН БҮТЭЭСЭН ТЕХНОЛОГИЙН ТАЛААР ТА ХЭР САЙН МЭДЭХ ВЭ?
Deep fake нь хүний хэлээгүй үг хийгээгүй үйлдлийг бүтээж чаддаг хиймэл оюун ухаанд суурилсан технологи юм. Үүний тусламжтай түүхэн хүмүүстэй уулзах тэднээс лекц сонсох, кино бүтээлийг бага зардлаар бүтээх гэх мэт давуу талуудыг эдлэх боломжтой. Гэвч deep fake нь давуу талаасаа дутахааргүй их сөрөг нөлөөллийг дэлхий дахинд үзүүлж болжээ. Залилан, хүний алдар хүндэд халдах гэх мэт олон төрлийн гэмт хэргийг үйлдэх хэрэгсэл болж хүмүүсийг хөрөнгө мөнгө, сэтгэл зүйгээр нь хохироосоор байгаа юм. Зүүн азийн орнууд deep fake-тэй тэмцэж эхэлсэн бөгөөд Хятад улс уг хиймэл ухаанд суурилсан технологийг ашиглахыг хориглоод байна.
DEEP FAKE-ИЙГ БОДИТ БИЧЛЭГЭЭС ХЭРХЭН ЯЛГАХ ВЭ?
- Шүд болон үс нь хэт төгс байх
- Нүдээ маш цөөхөн анивчих
- Хүүхэн хараа нь хэтэрхий цагаан байх
- Уруулын хөдөлгөөн болон яриа нь хоорондоо зөрөх
- Сүүдэр үүсэх ёсгүй газар сүүдэртэх
Цаашид Deep fake илүү их хөгжиж энэ мэт ялгаа байхгүй болвол дэлхий нийтээр үнэн болон худал мэдээллийг ялгах боломжгүй болох талаар судлаачид дурдаад байгаа юм