“Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2030 он гэхэд 100 сая мод тарьж ургуулах үүрэг амлалт авсан.
Энэ хүрээндээ Рио Тинтогийн Уурхайн хаалт болон Байгаль орчны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Австралийн “AirSeed Technologies” буюу дроноор үр агуулсан үрлийг тарааж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зорилготой гарааны бизнестэй хамтран өнгөрсөн 2 жилийн хугацаанд туршилтын ажлуудыг хийлээ.
AirSeed Technologies” буюу дроноор үр агуулсан үрлийг тарааж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх давуу тал нь:
-
Богино хугацаанд их хэмжээний талбайд үр цацах (өдөрт 20000 үр хийж чадна гэсэн тооцоо гарсан).
-
Нэг дроноор 10 хүний хийх тарилтыг хийнэ.
-
Ойжуулалт, нөхөн сэргээлт хийхэд хүндрэлтэй газруудад ажиллах боломжтой.
Бид Улаанбаатар хот дахь Биологийн хүрээлэнгийн хүлэмжид Монгол орны уугуул шилмүүст модны соёололтыг анхлан туршиж, улмаар Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд өнгөрсөн онд газар шорооны нөхөн сэргээлт хийсэн бүсдээ туршилтын талбай байгуулсан юм.
2023 оны 5-р сард уг талбайд дөрвөн төрлийн уугуул шилмүүст мод, нэг төрлийн хусны нийт 750 үр агуулсан үрлийг тараасан бөгөөд 2023 оны 8 сар, 2024 оны 7 сард хийсэн ажиглалтуудаар үрийн капсулууд соёолж, тогтворжиж байсан нь “Нэг зуун сая мод” хөтөлбөрт энэхүү технологийг ашиглах боломжтойг харуулж байна.
Соёололт болон амьдрах чадварын түвшин нь арчилгаанаас хамаарна.