Бид энэ удаад гурван үеэрээ цаг засварчин гэх мэргэжлийг эзэмшин нэгэн үеийн сонирхолтой түүхийг бүтээж яваа гэр бүлийн гишүүн болох С.Анхчимэгийг онцоллоо. Тэрээр Монгол болон Швейцар улсад 20 орчим жил мэргэжлээрээ ажиллажээ. Түүнтэй цаг засварчин гэх ховорхон мэргэжлийг үе дамжин өвлөх болсон шалтгаан хийгээд мэргэжлийн онцлог сайхан зүйлсийнх нь талаар хөөрөлдлөө.
БИ МОНГОЛЫН ЦОР ГАНЦ ГАВЬЯАТ ЦАГЧНЫ ОХИН
Ээжийг маань С.Оюунчимэг гэдэг. Үйлчилгээний гавьяат ажилтан хүн. 1976 онд ОХУ-д цаг засварчин мэргэжлээр суралцан ирж Урт цагаанаас ажлын гараагаа эхлэн өдгөө 48 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ээжийгээ даган багаасаа цагны дотоод бүтэц, тоноглолтой танилцсан тэр бүгд үнэхээр сонирхолтой санагддаг байснаас л энэ мэргэжлээр ажиллах хүсэл төрсөн байх даа. Би чинь анх ШУТИС-ийг хувцас загвар зохион бүтээгч гэх тэс ондоо мэргэжлээр төгссөн хүн. Гэхдээ л цаг засвартаа илүү сонирхолтой байсан учир Монголдоо 2003 оноос 2011 он хүртэл тасралтгүй энэ мэргэжлээрээ ажилласан. Бүр гүнзгийрүүлж мэргэших хүсэлдээ хөтлөгдөн цагны эх орон гэгддэг Швейцар улсыг зорих шийдвэр гаргасан юм. Тэнд очоод хэл муутай ч шалгалтдаа тэнцэж төд удалгүй мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Монголдоо ирэн очин байдаг байсан бол 6 сарын өмнө эх орондоо бүрэн суурьших хүсэлтэйгээр ирсэн. Одоо улсын их дэлгүүрийн цаг засварын хэсэгт ээжтэйгээ ээлжлэн ажиллаж байна. Хүү маань мөн л цаг засварын мэргэжлийг эзэмшсэн. Швейцарт дунд сургуулиа төгсөөд, цаг засварчнаар 3 жил суралцаж одоо Франк Муллер гэх алдартай цагны брэндийн үйлдвэрт цагчнаар ажиллаж байна. Ээж маань ч миний сонголтод нөлөөгүй би ч хүүгийнхээ сонголтод нөлөөлөөгүй гэвч хувь тавилан гэх үү орчин нөхцөл нөлөөлсөн гэх үү нэг л мэдэхэд гурвын гурвуулаа энэ мэргэжлээр ажиллаад явж байна.
ЦАГ ЗАСВАР ГЭДЭГ НЭГ ТӨРЛИЙН ОЙ ТОГТООЛТЫН БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ
Цаг гэдэг үргэлж урагшилж хөдөлж байдаг олон сайхан зүйлийн бэлгэдэл болдог эд. Цаг засаад суухад маш их төвлөрч тайвширдаг. Мөн энэ цагаа л ажилладаг болгох юм сан гэх ганцхан зорилготойгоор зогссон цагтайгаа хамт зөвхөн тухайн мөчдөө төвлөрч ажилладаг. Тэр их төвлөрлийн үр дүнд ой тогтоолт ч өндөр байдаг. Хэчнээн олон жижиг эд ангитай цаг байлаа ч тэр бүгд яг хаана байсныг эргэлзэлгүй санаж алдаа мадаггүй угсрах ёстой. Тиймээс л би цаг засвар гэдэг нэг төрлийн бясалгал мөн ой тогтоолтын сургуулилт гэж боддог юм.
МИНИЙ ГАРТ ИРСЭН ЦАГ БҮР АМЬТАЙ БОЛООД ЭЗЭНДЭЭ ОЧООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ
Хүмүүс цагаа бариад ирэхдээ тухайн цагны түүхийг ихэвчлэн ярьдаг юм. Хүндэлдэг хайрладаг хүн минь бэлэглэж байсан. Өвөө эмээгээс минь өвлөж ирсэн хамгийн нандин зүйл минь гээд л. Хүний тэр нандин зүйлд би ч хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бас тэр хүний хувьд ийм чухал зүйл юм чинь болохоос нь болохгүйг хүртэл хичээгээд яаж ийгээд засаад өгөх юм сан гэж хамгийн ихээр хүсдэг. Гэхдээ яаж ч хичээгээд засагдахгүй байх хэцүү л дээ. Сүүлд би нэг хүний өвлөгдөж ирсэн маш хуучны үнэ цэнтэй цагийг Швейцар явахдаа өөрийн биеэр авч яваад эд ангийг нь хийдэг хүнийг хайж уулзаад засуулж чадсан юм. Өөрөө засаж чадаагүй ч эзэнд нь цагийг нь амь оруулаад буцааж өгөх мэдрэмж үнэхээр сайхан байсан.
МОНГОЛДОО ЦАГ ЗАСВАРЫН СУРГАЛТ ЯВУУЛНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА
Монголд энэ мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь зай солих,оосор солих гэх мэт жижиг үйл ажиллагаа эрхэлдэг яг мэргэжил эзэмшсэн хүмүүс цөөхөн. Мэргэжлийн цаг засварчныг дагалдаж сурсан сайн цагчид хэд хэд бий. Би цаашдаа энэ мэргэжлийн сургалтыг Монголд зохион байгуулж заая гэж бодож байгаа. Цагчин мэргэжлээр суралцах хүсэл сонирхолтой хүмүүс байх юм бол надтай холбогдож сургалт авч болно шүү гэж хэлмээр байна