Энэ оны 6 сард ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Тус хууль 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Үүнээс онцлох нэг заалт нь ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулбал хорих хүртэл ял оноох заалт юм.
2020-2024 онд хүний эрхийн үндэсний комисст хандсан ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь ангилан үзэхэд сэтгэл санааны хүчирхийлэл 71 хувийг эдийн засгийн хүчирхийлэл 37 хувийг, бие махбодын хүчирхийлэл 22 хувийг эзэлж байжээ. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь тэтгэвэр тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах юм. Эдгээрт хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрүүгийн ял оноохоор болжээ.
Мөн Хүний эрхийн үндэсний комисст хандсан ахмад настны эсрэг хүчирхийллийг ихэвчлэн үр хүүхэд, хамаатан садан, асрамжлагч нь үйлддэг гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс ахмад настнууд өөрсдөө гомдол гаргаж холбогдох байгууллагад хандах нь бүү хэл хэн нэгэнд мэдэгдүүлэхгүй байхыг хичээж хав дардаг ажээ. Энэ байдал нь үл хайхрах хүчирхийлэл эдийн засгийн хүчирхийлэл болж цаашлаад бие махбодын хүчирхийлэл болон даамжрах үндэс болдог байна. Тиймээс эдгээрт эрүүгийн ял оноохоор хуульд өөрчлөлт оруулжээ.
Эрүүгийн тухай хуульд:
• “1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Зөрчлийн тухай хуульд:
• “4.5.Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.”