Залуу үеийн төлөөлөл болсон Human Z редакцийн “Томчуудаас асууя” нэвтрүүлгийн ярилцлагын хэсгээс
⁃Янз бүрийн сурталчилгаа яваад л, романтик амлалтууд хөврөөд байх шиг. Төлөөлөгч чинь улстөрч биш биз дээ. Ер нь УИХ-ын гишүүн, төлөөлөгч хоёрын ялгаа нь юу юм бэ?
УИХ гишүүн, аймаг, нийслэл дүүргийн төлөөлөгчид бол бүгд адилхан иргэдээс сонгогддог иргэдийн төлөөлөл, улс төрийн алба.
Ялгаа гэвэл УИХГ улсын хэмжээний хууль баталдаг, тусгай хамгаалалтад байдаг, өөрийн албан бланктай, туслах, жолооч, зөвлөх гээд ажлын албатай, цалин урамшуулалтай хүмүүс.
Харин иргэдийн төлөөлөгчид бол иргэдтэй л адил. Гагцхүү төлөөлөгчид бол тухайн орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө иргэдийн дуу хоолой болж явах төлөөлөл гэж ойлгож болно. Энэ бол манай үндсэн хуулинд заасан засаг захиргааны нэгжийн бүтэц бүр эзэнтэй байх ёстой гэх нөгөө талаас төлөөллийн ардчиллын суурь зарчмын нэгэн баталгаа.
⁃Иргэдийг ойлгож, асуудлынх нь араас хөөцөлдөж, шийдвэр гаргах түвшинд олон нийтийн дуу хоолойг дамжуулах хүн бол төлөөлөгч гэж ойлгодог. Зөв үү?
Зөв. Гол нь энэ ажлаа бүрэн гүйцэд үүргээ ухамсарлаж хийж байна уу гэдэг асуух асуудал.
Нөгөө талаас энд ширээний ард суудаг том дарга нар биш ажлыг бүтээж, ард нь гарч чаддаг төлөвшсөн сайн менежерүүд байх нь илүү зохимжтой.
-Нийслэл, аймаг, сум, дүүргийн төлөөлөгч нар мөнгө захиран зарцуулах эрхтэй юу. Ямар ямар эрх мэдэл тэдэнд байдаг вэ?
Төлөөлөгч нар төсөв баталдаг, хянадаг, орон нутгийн удирдлагыг томилдог. Харин тэрийг захиран зарцуулах эрх байхгүй.
-Тухайн орон нутгийн байршилд газар олгох зөвшөөрлийг төлөөлөгч өгдөг гэх юм билээ. Ашиг сонирхол ихээр хөндөгддөг гэж үнэн үү?
Хуулиараа бол тийм эрх байхгүй. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн орон нутгийн удирдлагад томилдог учраас нөлөөлөх боломжтой гэсэн үг. Үүнд цэвэр ёс зүйн асуудал хөндөгдөнө.
Хэрэв тухайн дүүргийн иргэн ажлын байр нэмэгдүүлэх үйлдвэрлэл хийхээр газар хүсч төлөөлөгчдөө хандвал түүнийг шийдвэрлэхээр асуудлыг Засаг даргад явуулж хэрэгжилтэд анхаарах нь үүргүүдийнх нэг учраас хэвийн. Гэтэл төлөөлөгч өөрийн ах дүүдээ давуу эрхээ эдэлж газар олгож зөвшөөрөл хүсч байвал энэ бол өөр асуудал болоод байгаа юм.
Үүнийг шийдвэрлэж бууруулах гол хүчин зүйл бол зөвшөөрлүүд болоод бусад мэдээллүүдийг иргэдэд илүү нээлттэй ил тод болгож чадсан цагт засагдах боломжтой… Засгийн газрууд сүүлийн жилүүдэд нээлттэй өгөгдлийг олон нийтэд ил тод болгох дээр ажиллаж байгаа ч хэрэгжилт хангалттай бус байна.
-Зарим хүн төлөөлөгч болохын тулд улайм цайм чичрээд байх шиг. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн төлөөлөгч болвол нийгэмд ямар хор уршигтай вэ?
Тэгш бус хуваарилалт, төсвийн үр ашиггүй зарцуулалтууд, төрийн албыг сулруулах улмаар салбарын хөгжил зогсонгшиж иргэдэд хүрэх ёстой төрийн үйлчилгээний салбарууд унах, иргэд төрдөө үл итгэх байдал нэмэгдэх гээд олон олон сөрөг зүйлс бий.
Тийм учраас бид өнөөдөр ашиг сонирхлоос ангид байж чадах төлөөлөгчөө зөв сонгоход маш чухал гэж үзэн хариуцлагатай хандах нь та бидний хөнгөн хийсвэрээр бус нухацтай судалж шийдэх ёстой асуудал яах аргагүй мөн юм.
-Эхлээд нийслэл, орон нутгийн сонгуульд ялчихвал дараа нь гишүүн болохын эхлэл болдог ч юм шиг уур амьсгал үүсч байна. Улс төрд ийм уламжлалт тогтсон хандлага байдаг уу?
Тухайн улс төрч иргэдээ төлөөлж сонгогдоод тэгээд үр дүнтэй сайн ажиллаад үнэлэгдээд явах тохиолдлууд бий. Нэг талаасаа зөв жишиг гэж үздэг. Жишээ нь өнгөрсөн УИХ сонгуулиар 5 аймгийн ЗД, 5 дүүргийн ЗД УИХГ болсон.
⁃Багахангай дүүргийн тухай мэдээлэл өгөөч. Нийслэлийн есөн дүүргийн нэг боловч бид ямар ч мэдээлэлгүй, юу юу байрладгийг ч мэдэхгүй байна?
Энэ дүүрэг бол жаахан эвгүйгээр жишиж хэлбэл айлын хатавчинд шоовдорлогдсон хүүхэд мэт дүүрэг нэртэй ч сумын төвийн хэмжээний байна. Мэдээллийн эрин зуунд ийм асар дутмаг мэдээлэлтэй хаалттай байх нь үе үеийн дүүргийн удирдлагуудын хүсэлт байх гэж харддаг.
Хэрэв үнэхээр дүүргээ хөгжүүлэх хүсэл байсан бол аймгууд шиг мэдээллээ нээлттэй болгож боломжуудаа танилцуулж хүн амаа тэлэх, хөрөнгө оруулалт авчирна. Үүнийг дагаж л үйлдвэр үйлчилгээнүүд сэргэж ажлын байр нэмэгдэх ёстой.
Миний хувьд хөрөнгө оруулалт татах, иргэдээ ажилтай орлоготой болгоход л илүү анхаарч ажиллана.
Жишээ нь: БХ дүүрэгт ТҮГЖРЭЛ, ХОРТ УТААНЫ АСУУДАЛ АЛГА. ХОТТОЙ ОЙР, дэд бүтэц, ажиллах хүн хүчтэй газарт хамтарсан ЗГ-ын баталсан хөтөлбөр төсвүүдийн хүрээнд ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлээд газар шийдэж өгөөд хүүхдийн сувилал байгуулагдахад түүнийг дагасан хүний урсгал нэмэгдэж үйлчилгээнүүд дагаж хөгжиж ажлын байрууд нэмэгднэ гэх жишээний олон зүйлс бий.
⁃Засаглалын хувьд ямар дүүрэг юм бэ. Улаан, цэнхэр гээд л ярьдаг даа?
35 жил Монгол Ардын Нам дангаараа засагласан цор ганц дүүрэг гэж хэлж болох байх. Дүүргийн ИТХ-д хүртэл нэг ч сөрөг хүчний төлөөлөлгүй үйл ажиллагаа явуулаад удлаа.
Ямар ч сайн хүн хяналтгүй явж эхлэхэд яаж эвдэрч бурууддаг тод жишээ Багахангай гэж дүгнэсэн.
Одоо зоригтой өөрчлөлт шинэчлэлт хийж байж энэ хөмөрсөн тогоо шиг хайрцаглагдсан байдал өөрчлөгдөнө.
-Огт хөгжихгүй, шинээр бүтээн байгуулалт хийхгүй байгаа газрын асуудал нь юундаа байдаг вэ. Тухайн тойргийн гишүүн нь ажлаа хийхгүй байна уу, төлөөлөгч нар нь дүлий сохор мэт байна уу?
Энэ бол хэт хяналтгүй зөвхөн тойрон хүрээлэгчдээ л тордож яваа хувиа хичээх хандлагын хохирол үр дүн гэж хардаг. Дүүрэг өнөөдөр 100 хувь шахуу татаасаар ажиллаж бна. Энэ нь нас биед хүрчихээд эцэг эхээрээ тэжээлгэж амтдардаг залуутай адил байна.
Харин дүүрэгт сүүлийн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтын дүнгүүдийг харвал чамлахаар тоо бол биш. Гэтэл хөрөнгө оруулалт гэдэг дүүргийн иргэдийн амьжиргаа, цалин урамшуулал, ажил эрхлэлт, эрүүл мэнд боловсролын асуудлуудаар үр дүн нь хэмжигдэх ёстой. Гэтэл өнөөдөр Багахангай бүх үзүүлэлтээрээ сүүл мушгиж явна. Тэгэхээр эргээд л таныг төлөөлөх төлөөлөгч сонгох ажилдаа иргэд маань илүү хариуцлагатай, идэвхтэй оролцохыг уриалмаар байна.
⁃Эмэгтэйчүүд амьдарч буй газрынхаа төлөө эх хүний сэтгэлээр ажиллана гэж боддог хүн олон байна. Энэ хэр бодитой вэ?
Мэдээж эмэгтэй эрэгтэй хүний байгалийн төрөлх өгөгдөл гэж бий. Эх хүн хэзээ ч үр хүүхдээ орхидоггүй. Эмэгтэйчүүд аливаад илүү гярхай, торгон мэдрэмжтэй хандаж чаддаг. Шийдвэр гаргах түвшинд бол судалгаагаар дэлхийн чиг хандлага НҮБ-ын зөвлөмжүүд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд гаргахыг дэмжиж байгаа нь олон үндэслэл судалгаа шалтгаантай.
Нэг жишээ дурдахад: Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд өндөр байгаа орнуудад авилгалын индекс бага бөгөөд иргэдийн АЗ жаргалын индекс өндөр байдгийг олон судалгаанууд харуулж байгаа. Энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийн бус аль ч хүйсийн тэгш төлөөллийн тухай хэлж байгааг онцлох зүйтэй байх. Эмэгтэйчүүд олон байх ёстой гэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай хэмжээнд байснаар илүү аз жаргалтай нийгэм бүтээх боломжтой гэсэн үг
Урт хугацаанд хийсэн судалгааны үр дүнд шийдвэр гаргах түвшин дэх тэгш эрхийн оролцоог нэмэгдүүлснээр зөвхөн эмэгтэйчүүд бус аль ч хүйсийнхний сэтгэл ханамжийн түвшин нэмэгддэг тухай Лондонгийн эдийн засаг, улс төр судлалын сургууль мэдээлсэн.
⁃Төрийн албанд эхний нэгжээс нь эхлэн ажиллахад хамгийн хүндрэлтэй тал нь юу вэ?
Төрийн албанд хамгийн бага нэгжээс эхлэн 18 жил ажиллажээ. Төрийн алба бол хүнийг илүү сахилга баттай, илүү хариуцлагатай болгодог газар.
Та бүхэн өнгөрсөн Ковид 19 үеэр бүтэн 14 хоног ажлын хувцас маскаа тайлалгүй ажилласан Төрийн албан хаагчдыг харсан байх. Аюул гамшиг тохиолдоход тэд л хамгийн түрүүнд очиж өргөсөн ТАНГАРАГТАА үнэнч явдаг. Тиймдээ ч хаа ч очсон тэднийг өмгөөлнө.
Гэхдээ мэдээж хүндрэлтэй асуудлууд бий. Энэ бол засаглалын тогтворгүй байдал, бодлогын залгамж байхгүй, заавал нэг дарга эсвэл нам дагаж ажлын байртайгаа үлдэх хэрэгцээ шаардлагатай байдаг нь Монгол Төрийг хүчгүйдүүлж БҮТЭЭМЖИЙГ бууруулах хандлага бий.
Эдгээрийн засч сайжруулахын төлөө бид тууштай явах ёстой.