Энэ удаагийн Хөрөг нэвтрүүлгийн дугаартаа санхүүч, эдийн засагч Г.Батбаярыг урьж оролцууллаа. Тэрбээр олон сайн үйлсийг санаачлан гар бие оролцож яваа залуу бөгөөд мөн чамгүй хөдөлмөрч нэгэн аж.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулаач?
-Намайг Ганбатын Батбаяр гэдэг. 1988 онд Дорнод аймагт төрсөн. Санхүүч мэргэжилтэй. Банк, санхүү болон төр нийгмийн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна. Ам бүл тавуулаа. Эхнэрийг маань Хосбаярын Уянга гэдэг. Говьсүмбэр аймагт төрж өссөн. Мөн адил санхүүч мэргэжилтэй. Нягтлан бодох чиглэлээр мэргэшсэн. Бид хоёр танилцаж ханилаад 12 жилийг ардаа үдсэн байна. Энэ хугацаанд гурван хүүхдийн ээж аав болжээ. Хоёр хүү, нэг охинтой
-Таны бага нас хаана хэрхэн өнгөрсөн бэ? Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач.
-Бусад хүүхдүүдийн адил Хэрлэн голынхоо хөвөөнд тоглож, наадаж өссөн. Бага байхад аав ээж хоёр маань Орос улс руу сургуульд сурахаар явж, тэр үеийн бичигдээгүй хуулиар эмээ өвөө дээрээ өссөн. Тиймээс миний бага нас эмээ өвөөтэй маань салшгүй холбоотой. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа зуны амралтаараа мужаан цех-д туслах хийдэг байсан. Оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар зөөгчөөр ажиллана мөн стадионд тоглолт болж байхад гадаа нь бургер хийж зардаг байлаа. Мөн найзтайгаа хамтраад хүүхдийн цэцэрлэг хүртэл ажиллуулж байсан. Интернет тоглоомын газар ажиллуулах, бэлэн хувцас зарах гээд л хийж үзээгүй ажил ховор доо.
-Их хөдөлмөрч хүүхэд байжээ. Мэдээж дэргэдэх хүмүүсээсээ үлгэрлэсэн байж тарна. Таны хүмүүжил төлөвшилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн байв?
-Өвөө маань нягтлан бодогч, харин эмээ маань багш мэргэжилтэй. Салбартаа насаараа ажиллассан хүмүүс. Намайг 1-р ангид орох үед өвөө өөд болсон. Эмээ маань тэр үед тэтгэвэртээ гарсан хэдий ч үр хүүхдүүдээ өсгөж сургалтын төлбөрийг нь төлөх үүрэг ногдож байгаа юм. Тиймээс ТҮЦ ажиллууулж эхэлсэн. Эмээгээ зах руу бараагаа татах гээд явахад нь би ТҮЦ-т үлдэж наймаа хийдэг. Ирэхэд нь их бараа зараад эмээгээ баярлуулах юмсан гэж л боддог хүү байв. Тухайн үед бараагаа ТҮЦ-тээ үлдээдэггүй байсан. Орой бараагаа хураагаад гэртээ ирэхэд үеийн бүх хүүхдүүд байрны гадаа тоглож байдаг. Тэднээс их ичдэг байсан. Одоо бодоход тэр үе миний хамгийн нандин үе байсан юм билээ. Тэгэхээр эмээ минь намайг маш бага байхаас хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулж өгсөн хүн. Түүнээс гадна бусдад чадах чинээгээрээ тус дэм болдог зөв хүн байхыг ч сургасан. Миний хүмүүжил төлөвшилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн ингээд бодохоор эмээ минь л бололтой.
-Эмээ нь үнэн,зөв хүн байх хэрэгтэй, хүнд чадах бүхнээрээ туслах ёстой гэж сургасан байна. Эмээгийнхээ энэ захиасыг биелүүлж яваа юу? Өөрийгөө олонд тустай зүйл хийсэн гэж боддог уу?
– Санаандаа хүртэл биелүүлээгүй л байна. Гэхдээ оргүй биш шүү хэд хэдэн олонд тустай зүйл хийсэн гэж боддог тэдний нэг нь “Нэг сая загас” төсөл маань.Өнөөдөр Улаанбаатар хотод Монголын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байна. Маш олон асуудал бий үүний нэг нь цэвэр ундны усны асуудал. Цэвэр усны нөөцийн тодорхой хувийг Туул гол бүрдүүлж байгаа. Туул голын усыг цэвэр цэнгэг байлгахад нөлөөлдөг гол интекатор бол зэвэг загас. Энэ загас Туул голд хэдий олон байх тусам гол маань илүү цэвэр тунгалаг байна. Тэгэхээр Туул голынхоо цэвэр тунгалаг байдлыг хадгалахын тулд энэ загасыг үржүүлье гээд эрдэмтэн судлаачидтай хамтраад хийж байна. Архангай аймгийн Чулуутын голоос жил болгон үржлийнх нь үеэр эх сүргээ барьж ирээд лабораторид зориудын аргаар үржүүлж жараахай болох үед нь нутагшуулж Туул голд тавьдаг. 2019 оноос хойш нийтдээ 600 мянга гаруй жараахайг Туул голдоо үржүүлэн нутагшуулсан.
Мөн 2018 онд хэсэг нөхдийнхөө хамтаар Монголын тэргэнцэртэй туялзуур сэлмэний холбоотой хамтран “Тэргэнцэртэй баатрууд” төслийг санаачлаад өдийг хүртэл амжилттай хэрэгжүүлээд явж байна.Ихэвчлэн үйлдвэрийн болон автын ослоор суумгай болсон хүмүүс байдаг. Гэнэт ийм хүнд зүйл тохиолдсон хүмүүс удаан хугацааны цочролд ороод нийгмээс өөрийгөө тусгаарладаг. Тэдгээр хүмүүсийг нийгмийн харилцаанд оруулж аливаа зүйлийг чадна гэдэг итгэл өгөхийн тулд энэ ажлаа эхлүүлсэн. Анх бид тэргэнцрээ, замаа өөрсдөө гагнаж хийгээд 1,2 тамирчинтай эхэлж байсан бол одоо холбоо маань 50-60 тамирчинтай болсон. Бид бүхэн энэ олон жилийн олон хүмүүсийн хамтын ажиллагаа хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд олон улсын чансаатай тамирчинтай болсон байна. Хараахан 2024 оны Парисын паралимп-д оролцож чадаагүй ч гэсэн 2028 оны Лос-Анжелесийн паралимпад Монгол улсын түүхэнд анх удаа тамирчнаа илгээхээр бэлдэж байна.
-Олон сайхан ажлыг хийж яваа юм байна. Энэ бүхний хажуугаар өөртөө цаг гаргах боломж олдож байна уу? Та ер нь ямар хоббитой вэ?
-Тэргэнцэртэй баатрууд төслийг хэрэгжүүлж байх хугацаандаа би өөрөө туялзуур сэлмэний спортод дурласан. Энэ спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлэн ажлын стрессээ тайлдаг. Туялзуур сэлмэний спортыг биеийн хүчний шатар гэж ярьдаг. Хүний тархины үйл ажиллагааг сайжруулж орчноос чөлөөлөгдөх боломжийг олгодог ийм гайхалтай спорт. Мөн би ууланд алхах дуртай. Алхалт нь хүнийг тэсвэр хатуужилтай болгодог. Түүнээс гадна өөрийнхөө санаа бодлыг цэгцлэх өөрөө өөртэйгөө ажиллах гэх мэтээр нэг төрлийн бясалгал хийх боломжийг олгодог. Монгол улсынхаа дээвэр болох Алтай таван богддоо гарч байсан удаатай.