Бид энэ удаа Барс худалдааны төвийн гурил будааны тасагт гүрүүшикээр ажиллаж буй 60 настай Н.Чойровгуайг онцоллоо. Намрын халуун наранд тэрэгнийхээ дэргэд амс хийн сууж буй түүн дээр хувинтай ус асгачихсан уу гэлтэй хөлс нь бурзайж харагдана. Байс гээд л малгайн доороо “нуусан” цагаан алчуураа гаргаад, дусал дуслаар урсах хөлсөө арчиж харагдах түүний царай гэрэлтэй, харц нь шингэн. Үүнээс харвал тэр ямар нэгэн хорт зуршилгүй, хөдөлмөрлөх дуртай ажилласаг нэгэн болох нь илт. Баахан шалсны эцэст тэр бидний ярилцах саналыг хүлээн авч, хөдөлмөрийн үнэ цэнийн талаар, амьдрал энгийн тусмаа чамин байдаг тухай хуваалцсан юм.
-Та хэр их ядарч байна вэ? Хөлсөө шудраад булчин шөрмөс нь зангирсан ид залуустай хамт ажиллаж байгаа харагдах юм.
-Гайгүй ээ. Ачаалал их үе таарлаа. Байнга ачаалаад, ядраад байдаггүй. Би олон жил Барс зах дээр гүрүүшик хийж байна. Тэтгэвэрт гарснаасаа хойш ажиллах болсон. Гурил будаан дээр л байдаг юм. Өглөө 9-10 цагийн үед энд ирнэ. Зах өглөө 9 гээд л онгойдог. Тэгээд л орой хаахаар нь бид явна даа.
Гэрт байснаас энд байх нь хамаагүй дээр. Хөдөлгөөн сайтай. Бие бялдар ч өөр болно. Өөртөө таарсан ажлаа л хийнэ шүү дээ. Хэдэн кг сахар, гурилаа оруулаад одоо болчихлоо. Манай нөгөө ээлжийн гүрүүшикүүд үлдээд л хийнэ. Би чинь хамгийн настай нь юм болохоороо хамгийн түрүүнд буучихдаг юм.
-60 хүрсэн хүнд арай хүнд шиг бодогдох юм. Та юу гэж боддог вэ?
Надад бол хүнд гэж бодогдохгүй. Олсон мөнгөө үр хүүхэд, ач зээдээ зарцуулна. Өөрөө хажуугаар нь тэтгэврийн мөнгө авна. Би хоёр хүүхэдтэй. Дөрвөн ачтай. Эрэгтэй хүүхдэд нь дугуй аваад өгчихнө. Охиддоо өөрсдөд нь мөнгийг нь өгөөд, таалагдсан хувцсаа авч өмс өө л гэдэг юм. Тэр чинь л миний хөдөлмөр, түүний үр шим юм. Би энд ажиллаж байгаа шиг хөдөөний 70-80 хүрсэн улсууд морио унаад, малаа услаад явж л байна шүү дээ. Залуу байхдаа ч иймэрхүү ажил хийж явсан. Тэр нь үгүйлэгдээд байдаг болтой.
-Биеийн хүчний ажил хийдэг хүмүүс ядарсандаа ч юм уу, дуртайдаа ч юм уу өдөртөө жаахан балгачихдаг юм шиг харагддаг. Та харин тэгдэггүй бололтой.
-Ийм ажил хийчхээд архи, дарс уувал ямар утга байх юм. Энэ бие улам л байхгүй болно шүү дээ. Тиймээс яг өөртөө таарсан хөнгөн шингэн ажлаа хийгээд хөдлөөд л явж байвал хүн улам л эрүүл болно. Тэтгэвэрт гарсан гээд ажил хийхгүй амарна гэсэн үг биш. Амралт гэдэг миний бодлоор сувилалд хэвтэж эрүүл мэнддээ анхаарах явдал. Түүнээс биш гэртээ зүгээр хэвтээд байх чинь амралт биш ядаргаа болдог юм.
Хүн ямар л ажил хийнэ бүгд сайхан. Муухай ажил гэж ерөөсөө байхгүй. Манай хүүхдүүд хэлдэг юм. “Аав та битгий ийм ажил хий” гээд. Энэ тийм хүнд ажил биш. Би л байж байвал, эрүүл байвал хийнэ. Арай 80 хүртлээ гүрүүшик хийхгүй л байх. 70 нас хүртлээ хийнэ ээ л гэж боддог.
-Өвөлдөө бас ажилладаг уу?
-Хааяадаа гарна. Одоо хичээл эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ ажлаа больчихно. Ач нараа нааш, цааш зөөж сургуульд нь дөхүүлнэ. Тосож авна. Хагас бүтэн сайнд бидэн дээр ирдэг юм. Бусад үед нь хүүхдүүд рүүгээ хоёр тийш явчихдаг. Манай хүн бас тэтгэвэрийнх. Мөн л гэрт зүгээр суухгүй. Юм оёж, хатгана. Ажлын үр шим л сайхан учраас тэр. Хийж чадах юмаа хийх л хамгийн сайхан. Түүнээсээ л хүн энерги авдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.