Нээлттэй сонсгол нэрийн доор үргэлжилсэн шоуны бодит үр дүнг танилцуулж, хулгайчдыг зарлахыг олон нийт шаардах болов. Олон зуун хүнийг гэрчээр дуудаж, хоорондоо хэрэлдэж, шударгын дүрд тоглосон хуйлгайчдын сонгуулийн шоуны ачаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр олны танил болсноос өөр үр дүн гарсангүй.
Тодруулбал, Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол гэх сүржин нэртэй сонгуулийн шоуны гурав дахь анги эмийн сонсголоор өндөрлөсөн. Олон нийтийн анхаарлыг татсан, ахуй амьдралтай нь шууд холбоотой асуудал, ялангуяа хэрэг, зөрчлийг сонгон хэлэлцүүлж, тэдгээрийг шийдсэн мэтээр жүжиглэх, цаашлаад нэгийг нь өөд татаж, нөгөөг нь гутаах нь сонсгол хэмээх шоуны гол зорилго гэхэд хилсдэхгүй.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар түр хороо нь нотлох баримтыг нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх эрхтэй. Үүний дагуу манай парламентын түүхэнд анх удаа хэмээн тодотгосон, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг өнгөрсөн оны эхээр Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор зохион байгуулсан. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан уг сонсголыг гурван үе шаттайгаар явуулж, тэр болгонд нь Төрийн ордонд өчнөөн хүн цуглуулж, нэлээд ажил болсон юм. Тухайлбал, гурван шатны сонсгол 13 өдөр үргэлжилж, нийт 356 гэрч оролцож байлаа.
Нүүрсний хулгайн гэх сонсголын тухайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Сонсголоор нийт 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан нэртэй. Бас 419 гэрч оролцуулсан байна. “УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан энэ удаагийн сонсгол нь шударга ёсыг тогтоож, хулгай луйврыг таслан зогсоох, хариуцлага тооцох, Монголын ард түмний өмч, байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зөв зохистой ашиглах, эзэн нь болсон ард түмний амьдрал ахуйг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дараа дараагийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ” гэж түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдэж байлаа. Эл сонсголоос хойш гурван улирал солигдсон атал хэлсэн үр дүнгийнх нь хэлтэрхийг ч олж хараагүй иргэд бухимдаж байна.
Ийм хоёр сонсгол нийт таван шатаар үргэлжилж, 775 гэрчийг байцаажээ. Үр дүнд нь олон нийтийн дунд худал, үнэн нь ойлгогдохгүй мэдээллийн дэлбэрэлт үүсэж, хулгай хийгээгүй албан тушаалтан, эрх мэдэлтэн Монголд бараг үлдээгүйг бид сонссон. Гэтэл одоо бидний “гар дээр” ямар ч үр дүн алга. Сонсголын үеэр яригдсан зүйлс бараг мартагдаж, тэнд нэр дурдагдсан хүмүүс юу ч болоогүй мэт, сонгуулийнхаа ажилд ханцуй шамлан ороод дахин сонгогдоод явж буй.