“Парис-2024” зуны олимпын наадам хөшгөө нээгээд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ цаг мөчүүдэд бид Монгол улсынхаа баг тамирчдаар бахархан омогшиж сууна.
Олимпын наадмын хоёр дахь өдөр буюу долоодугаар сарын 27-ны өдөр хоймор нутгийн бяцхан охин Парисын татамид бүх өрсөлдөгчөө ялсаар анхны олимпиосоо мөнгөн медаль хүртсэн. Түүний энэ амжилт Монголын эмэгтэй жүдочдын дэлхийд гайхуулж явсан ялалтыг түүчээлсэн гайхамшиг байлаа. Ингээд бид Олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Ази твийн аварга, “Душанбе-2024” Их дуулгын аварга ОУХМ Бавуудоржийн Баасанхүүгийн анхны багш нарын нэг жүдо бөхийн спортын мастер, сумын заан А.Даваадоржтой ярилцлаа. Тэрээр унаган шавиа тосохоор Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос нийслэлийг зорин иржээ.
Спортод “нуугдсан сувд” заавал байдаг
-Сайн байна уу? Юуны өмнө танд олимпын мөнгөн медальт шавьтай болсонд нь баяр хүргэе.
-Сайн байна уу? Маш их баярлалаа. Олимпын наадам маш сайхан болж байна. Би шавиараа маш их бахархаж, баярын нулимс дуслуулан сууж байна. Энэ онд Дэлхийн аварга цол хүртээд ирэхэд нь шавийгаа тосож амжаагүй байсан. Харин одоо олимпоос ирэхэд нь тосож авах гээд хэд хоногийн өмнө Хөвсгөлөөс ирлээ.
-Таны шавь Б.Баасанхүү энэ онд Ази тивийн аварга, дэлхийн аварга, Их дуулгын аварга, ингээд олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Энэ амжилтууд үнэхээр огшоож байна?
-Тиймээ. Яах аргагүй миний шавь энэ 2024 онд Улсын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн аварга, Их дуулгын аварга гээд дөрвөн том тэмцээнд түрүүлж алтан медаль авч аварга болсон. Сая Олимпын наадамд мөнгөн медаль авлаа. Үнэхээр сайхан байна.(уйлав)
Миний шавийг ийм агуу тамирчин болоход тусалж дэмжсэн бүх хүмүүст маш их баярлалаа
-Б.Баасанхүүгийн анхны багш нар суурийг нь маш сайн тавьжээ. Тамирчин хүний хэр хол ирээдүйтэй явах нь багш дасгалжуулагчаас ихээхэн шалтгаалдаг?
-Над дээр 11,12 настай хүүхэд л ирж байсан. Миний шавийг ийм агуу дэлхийн тамирчин болоход маш олон хүний хөдөлмөр орж, хамтын ажиллагаа, хамтын хүч амжилт гэдэг ийм сайхан. Миний хүүг ийм сайхан амжилтад хүрэхэд “Сүлд” биеийн тамир спорт хорооны хамт олон, мөн “Импорт” группын захирал М.Энхтайванбаатар мөн тус компанийн хамт олондоо талархал илэрхийлье. М.Энхтайванбаатар бол ёстой нөгөө эдийн засаг, санхүү талаар маш их тусалж дэмжсэн. Дөнгөж л Хөвсгөл нутгаасаа аян замд гараад л хотод ирсэн тэр үед нь шавийг маань тосож хүлээн авч сайхан дээш нь хөгжүүлсэн. Энэ хүний бас ач гавьяа, оруулсан хувь нэмэр маш их юм аа. Мөн Хөвсгөл аймгийн Биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч Б.Очирбат. За энэ багш үнэхээр шавийг маань сайхан хөгжүүлж өгсөн. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, нарийн бичгийн дарга Батгэрэл, мөн Үндэсний Шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГТ Х.Болдбаатар, МУГТ М.Бундмаа, П.Нямлхагва зэрэг шигшээ багийн бүх багш, дасгалжуулагчид, тамирчид байна. Бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлье. Тамирчин хүний хамгийн сайн хамтраг бол бэлтгэл хангагч байдаг. Үндэсний шигшээ багийн тамирчид дундаас хамтын хүч гэдэг өндөр түвшинд үзүүлж чадаж байгаа. Үүнд манай Б.Баасанхүүгийн бэлтгэл хангагч Г.Наранцэцэг охиндоомаш их баярлаж байгаа. Хүний бэлтгэл хангагч сайн байвал дагаад тамирчинд өндөр хэмжээний чадвар суудаг. Тийм учраас ийм сайхан хөдөлмөр гаргасан бас Наранцэцэгтээ бол баярлаж явдаг юм. Мөн самбо бөхийн холбооныхондоо баярладаг юм. Самбо бөхийн холбооны захирал Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Баярсайхан, нарийн бичгийн дарга МУГД Г.Энхбаяр, Самбо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Үүрцолмон, С.Солонгогэрэл зэрэг ийм сайхан хүмүүс миний хүүг бас дэмжиж ажиллаж байсан. Мөн ийм сайхан охиныг төрүүлж өсгөсөн аав ээж, ах дүү, хамаатан садангуудад нь бас баярлаж байна.
Монгол эмэгтэйчүүдийн амжилт жүдо бөхийн спортод дэлхийг тамгалж байна
-Монгол эмэгтэйчүүд хэзээнээс тууштай тэмцэгч, хатуужил тэсвэр өндөртэй бахархам юм. Таны шавь жүдогийн спортод эгч нарынхаа амжилтыг гайхалтай түүчээллээ?
-Монголын эмэгтэйчүүд ямар агуу тэсвэр хатуужилтай, Дэлхийг тамгалж чадаж байна гэдгийг харуулж чадаж байна. Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Д.Сумъяа, Дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү. Монгол улсын эмэгтэйчүүд дэлхий дахинд ямар агуу улс вэ гэдгээ харуулсан ийм сайхан үргэлжилсэн амжилттай үйл явдал. Миний шавь ийм олон хүмүүсийн дэмжлэг туслалцаатайгаар өнөөдөр агуу тамирчин болж чадлаа. Үнэхээр энэ хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй. Би бол яахав. Би бол зүгээр тэр хүнд ингэж барилдъя гэж анхны л хичээл заасан болохоос биш ийм сайхан улсууд миний хүүг амжилт ялалтын эзэн болгож байгаа юм.
-Та шавийгаа анх хэрхэн олж харав?
-Би “Хангайн бүргэд” дэвжээндээ дасгалжуулагч хийдэг байлаа. Эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр хоорондоо шавь нар маань ноцолдоно, нөгөөдүүлтэйгээ зарим нь нэг харахад зодолдчихсон, уурлачихсан явж байна. Нэг өдөр бэлтгэл дээрээ сууж байтал хөөрхөн улаан хацартай бор охин орж ирээд нөгөөдүүлтэй чинь яриад л ерөөсөө эрэгтэй хүүхэд шиг л байсан. Тэгээд л анх шавиар аваад бэлтгэл сургуулилт хийлгэж байлаа. Би шавь нараа ямар энгэн тэмцээнд оролцохдоо заавал мэх сурч ирээрэй гэж захидаг байсан. Нэг өдөр миний шавь Б.Баасанхүү “багшаа би мэх сурсан шүү” гээд ирлээ. Би ямар мэх сурав алив багш нь харъя гэсэн. Тэгсэн одоогийн энэ жийдэг мэхээ өөрөө сурчихсан ирсэн. Гэхдээ анхны үедээ гарны таталт, жийлт хоёр нь арай нэг сайн жийхгүй дутуу, гарны таталт байхгүй болохоор нь би хэлсэн юм. Гарны таталт, хөлийн жийлтээ хамтад нь сайн хийж өгдөг байхгүй юу гэж л хэлсэн. Тэгээд сая Олимпын зооны аваргын төлөө яг тэр мэхээрээ өрсөлдөгчөө ялсан. Тэр бол хүний өөрийн хүч хөдөлмөр, торгон мэдрэмж. Миний шавь их л хичээнгүй, их хөдөлмөрч юмыг заавал хийж чадъя гэсэн зоригтой, овсгоотой, сэргэлэн. Энэ зан ааш нь багш хүнд маш их таалагдсан. Энэ охин дундаас нь хаячихгүй бол спортоороо тууштай явбал их юм дуулгана даа гэж боддог байлаа. Өнөөдөр миний шавь яг л тавьсан зорьсондоо хүрсэн. Сайхан явлаа, сайхан барилдлаа. Ийм сайхан алдар гавьяа, амжилт ялалт багш бидэнд бахархал өгөлгүй яахав. Би шавь нарыгаа сайн, муу биш хамгийн гол нь амьдралд элэг бүтэн сайхан эхнэртэй, хүүхэдтэй, ажил төрлөө хийгээд явбал надад түүнээс өөр бахархал байхгүй. Миний шавь нар сайхан шавь нар. Үнэхээр агуу хүмүүс байдаг даа.
Улсын аваргад оролцохын тулд Зил-130 машинд шавь нар суулгаад
Хөвсгөлөөс өвлийн хүйтэнд хол зам туулан зорин очдог байв
-Алс холын ирээдүйг төлөвлөж яваа багш шавь нарын дурсамжаасаа хуваалцана уу?
-Тухайн үед орон нутагт засмал зам тавигдаагүй, автобус, хот хоорондын унаа ч гараагүй байлаа. Зил-130 машины тэвшин дээр жүдогийн дэвжээгээ ачаад, эсгий гутал, лоовууз өмссөн бяцхан тамирчдаа аваад л өвлийн хүйтэнд улсын аварга шалгаруулах тэмцээн болох газрыг зорьдог байсан даа. Манай улсын аварга шалгаруулах тэмцээн яг ид өвөл нэг, хоёрдугаар сард болдог. Сүүлдээ пааз автобус, дараа нь пургон машин гарлаа. Пургонд эрэгтэй, эмэгтэй тамирчдаа суудлаар нь хуваарилаад л хөл гишгэх зайгүй, тэр бүү хэл шахаад суулгасан учраас шавь нар маань багшаа хөл хаанаа яваагаа мэдэхээ байлаа гээд л хошигнодог байлаа.(инээв)
Тэгээд дараа нь бодоход үнэхээр сэтгэл өвдмөөр. Яаж ингэж ачиж, хол замд миний хүүхдүүд хэрхэн явж байсан юм бол гэж боддог байсан.
-Дотоодын тэмцээн уралдаанд Б.Баасанхүүгийн хамгийн анхны үзүүлсэн амжилт, хамгийн анхны медаль ямар тэмцээнээс хүртэж байв?
-Тэр жил Зил-130 машинаар Увс аймагт болсон улсын аваргыг зорин очсон жил хүрэл медаль авсан. Багш дасгалжуулагч хүн чинь тамирчдынхаа хоол ундыг ч хийж бэлтгэж өгнө. Ямар сайндаа манай гэргий надад хийж өгдөггүй шөл, хоол цайгаа шавь нартаа хийж өгдөг гээд хошигнож байхав. Яг тэмцээний урд орой шавь нартаа амттай шөл хийж өгье гээд бэлтгэж байлаа.(инээв)
Олон улсын сэтгүүлчийн манай шавь нарт бэлэглэсэн тэр кимоно
тэднийг маань жүдо бөхөд гүн дурлуулсан
-Энэ амьдралд зөв цагтаа учирсан хүмүүс тэр дундаа спортын багш шавь нар байдаг. Б.Баасанхүүгийн онцгой ур чадвар, олон хүнд баймгүй тэр торгон мэдрэмжийг та гайхалтай олж харжээ?
-Миний шавь нарыг ийм сайхан сэтгэлтэй, жүдо бөхөд дуртай болоход Олон улсын энэ төрлөөр дагнан сурвалжилдаг Минсиев сэтгүүлч нийслэлд болсон “Чингис хаан” их дуулга тэмцээний дараа манай Мөрөн хотыг зорин ирсэн юм. Тухайн үед Монголын жүдо бөхийн холбооноос нийслэл, сум орон нутагт хичээллэж буй хүүхдүүдэд зориулан хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Тэгээд нөгөө сэтгүүлч маань манай сургуулийн жүдогоор хичээллэдэг хүүхдүүдэд цав цагаан кимоно бэлэглэсэн. Энэ бол бид нарт ерөөсөө надад болон шавь нарт маань их сайхан дурсамж, бэлэглэж, гол түлхэц болон дэмжиж өгсөн хүн байдаг. Хөвсгөлд тэрээр ирэх үеэрээ манай сургуулиар орж миний бэлтгэлтэй танилцсан юм. Мөрөнд байгаа хүүхдүүдээ цуглуулаад л, Б.Баасанхүү маань бэлтгэл дээрээ дүүтэйгээ хамт ирчихсэн, манай шавь нар байсан. Тэр үед жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат гэж байлаа. Түүний аав Машбат нь Монгол улсад жүдо бөхийн эмэгтэйчүүдийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан агуу хүн. Тэр хүнийг мартахын аргагүй. Тухайн үед одооных шиг гараад кимоно авна гэж байхгүй. Нэг кимоног бусдадаа дамжуулж өмсдөг байлаа. Нэг шавьд маань аав ээж нь кимоно авч өгвөл өмсөж байсан хуучин кимоногоо дүү нартаа өгөөд л, нөгөөх нь шинийг авбал бусад дүү нартаа өгөөд ингээд дандаа хоорондоо дамжуулж өмсдөг байсан юм. Ядахдаа л нэг тэмцээнд гурвуулаа л битгий дэвжээнд зэрэг гараасай гэж хүртэл боддог байлаа.
-Та бүхний цаашдын амьдралд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Манай Биеийн тамирын багш нар гэдэг чинь юмны дандаа анхдагч нар байдаг. Миний багш нар сайхан биеийн тамирын хүмүүс байдаг. Мөн манай нутгийн биеийн тамирын багш нар үнэхээрийн агуу багш нар. Биеийн тамирын бүх багш нартаа хандаж хэлэхэд хүүхдүүд минь “нуусан сувд” заавал байдаг юм шүү. Тэрийг л гол нь зөв олж хараад, зөв зааварлаж чиглүүлэн, хичээллүүлээрэй. Ингээд миний сайхан шавийг ийм агуу тамирчин болоход нь дэмжиж тусалсан бүх хүмүүсдээ баярлалаа. Мөн Монгол улсынхаа бүх ард түмэнд баярлалаа.
Ярилцсанд баярлалаа.
Хоймор нутаг анхны олимпын медалтанаа өлгийдөн авахад энэ хүний оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй анхны багш нв шүү дээ.