“Үндэсний Эвсэл”-ээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид юу хэлэв?
“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын ээлжит сонгуулийн 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт Х.Амарсайхан, Б.Цэцэгсайхан нар нэр дэвшиж байна.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшигч Х.Амарсайхан, Б.Цэцэгсайхан нар Хан-Уул дүүргийн иргэд, сонгогчидтой уулзсан билээ. Уулзалтын үеэр нэр дэвшигчид юу хэлснийг хүргэе.
УИХ-ын ээлжит сонгуулийн 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшигч Хосбаярын Амарсайхан:
-Ажлын гараагаа Ерөнхий сайд П.Жасрай гуайн Засгийн газрын Үндэсний хөгжлийн газарт төсвийн хүрээний мэдэгдэл, төлбөрийн балансын асуудал хариуцсан мэргэжилтнээр эхлүүлсэн. Дараа нь М.Энхсайхан гуайн Засгийн газрын Гадаад харилцааны яамны Нэгдсэн бодлогын газар ажиллаж байв. Тэнд цэрэг, иргэний харилцаа, буюу “Монгол Улсын батлан хамгаалахын цагаан ном” –ын ажлын хэсгийг хариуцаж байлаа. Тэндээсээ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Элчин сайдын яаманд консулаар ажилласан. 2000 оноос Ерөнхий сайд Н.Энхбаярын Засгийн газарт Санхүү эдийн засгийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, бодлого зохицуулалтын газрын даргаар ажилласан юм. Энд хандивлагч орны уулзалтыг зохион байгуулж, гадаадын өр төлбөр, төлбөрийн балансыг хариуцдаг албан тушаалыг хашиж явлаа. Би гурван удаагийн уулзалтыг гардан зохион байгуулж, тухайн үедээ хөрөнгө санхүү нөхөх, гаднын зээл тусламжийг ашиглах боломжийг нээж чадсан. Жишээ нь, энэ үед Монгол Улсын Их өр гэдэг асуудлын ажлын хэсэгт нь ажиллаж явлаа. ОХУ-тай, Монгол талынхантайгаа ч уулзаж, өрийг хэрхэн, яаж тэглэх тухай маш их ярьсан. Энд 98 хувийг нь тэглэж, хоёр хувийг нь төлбөрөөр дуусгасан. Гэхдээ би дуусгахын өмнө ажлын хэсгээс халагдаж байв. Шалтгаан нь “бид 30-40 жил хонио гурван доллараар оросуудад нийлүүлсэн үнэлгээг бодвол арай өөр дүн гарна. Цэргийн ангиуд нь олон жил манайд байрлалаа. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь тооцъё. Энэ бүхний бодвол бид бүгд өглөгтэй бус, авлагатай байх юм байна” гэж санал гаргасан. Гэтэл наадах чинь болохгүй ажлын хэсгээс гарчих гээд намайг гаргасан юм. Дараа нь Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үед ажиллаж, Англи руу томилолт авав. Гол үүрэг нь Европын сэргээн босголт хөгжлийн банканд зээлжих зэрэглэлтэй болох байсан. Ингэхдээ Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрыг нээн аж ахуйн нэгжүүдэд зээл олгох эрх үүсгэх ажлыг гүйцэтгэсэн.
“Үндэсний Эвсэл” мөрийн хөтөлбөртөө үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, үндэстнээрээ баяжъя гэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, бид улс төрийн хуйвалдааны дэглэмийг өөрчилье гэж байгаа юм. Энэ бидний эхний алхам. Мөн эдийн засгийн шинэчлэлт хийе, баялгийн хуваарилалтыг зөв болгоё гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан. Нийгмийн асуудал дээр бас олон шинэчлэлт хийнэ. Үүнд орлоготой, ажилтай, цалинтай, хадгаламжтай иргэдтэй болохын төлөө зүтгэж ажиллая гэж байгаа. Шударга ёсны хувьслыг бас давхар хийх ёстой. Үүнд ил тод, олонхоороо, ард түмэнтэйгээ хамтын шийдвэр гаргадаг байя гэсэн зарчим баримталж байна.
УИХ-ын ээлжит сонгуулийн 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшигч Батмөнхийн Цэцэгсайхан:
-Манай улсад 2016 онд хорт хавдрын таван мянга орчим тохиолдол байсан бол 2023 оны байдлаар 7200 болж нэмэгдсэн. Хавдрын нас баралтаар бусад оронтой харьцуулахад дээгүүрт орж байна. 10 хүн тутмын найман хүн нь халдварт бус өвчнөөр нас барж байгаа. Үүнд зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин орж байна. Жилдээ зургаан мянга орчим хүн тэмбүүгээр өвдөж байна. Энэ дотор 60 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Бид 21 дүгээр зуунд ийм статистиктай байна гэдэг бол үнэхээр харамсалтай. Сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийн дунджаас гурав дахин их тархалттай байна. Бүсийн 37 оронтой харьцуулахад дөрөвдүгээр байранд орж байна. Энэ мэт эрүүл мэндийн хэдхэн статистик харахад бид дэлхийд доогуур түвшинд явж байгаа. Шийдэх боломж байсаар байтал хийж чадахгүй байгаа. Харин “Үндэсний Эвсэл” өвдсөнийх нь дараа эмчлэх бус, өвдөхөөс нь өмнө үүсгэж байгаа шалтгаантай нь тэмцье гэж байгаа. Үүний тулд төрийн бодлого хүнээ хамгаалах ёстой. Хүнийхээ эрүүл мэндийг нэг номерт тавих ёстой. Ийм учраас манай мөрийн хөтөлбөрийн бодлогын цөмд хүний эрүүл мэндийг тавьсан. Мөрийн хөтөлбөрт “Иргэн баян бол улс баян” гэсэн уриа бий. Гэхдээ зөвхөн эдийн засгийн хувьд баян биш, иргэд маань эрүүл мэндийн хувьд бас баян байх ёстой. Ингэж эх орны ирээдүй, хөгжил цэцэглэлт яригдах юм.
Одоогийн байдлаар манай улс эрүүл мэндийн санхүүжилтийн зургаахан хувийг урьдчилан сэргийлэх буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулаг. Үлдсэн 94 хувь нь эмнэлэг барих, өвдсөний дараа яаж тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гэдэгт чиглэдэг. Тиймээс бидний гол бодлого бол яаж хүмүүсээ өвчлүүлэхгүй байх, шалтгааныг нь яаж багасгах, хүн амын дунд зонхилж байгаа зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг яаж бууруулах вэ гэдэгт илүү төвлөрнө. Тиймээс бид урьдчилан сэргийлэх, шалтгаантай нь тэмцэх бодлогыг нэн тэргүүнд тавина. Үүнээс гадна тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ёстой.