Боловсролоор дамжуулан хүнийг соён гэгээрүүлнэ, төлөвшүүлнэ, хүмүүжүүлнэ. Эрдэм мэдлэгийг хүн хангалттай сайн сурсан цагт тэр хүнийг насан туршид нь дагаж явах том хөрөнгө оруулалт юм. Иймээс Монгол улс эх орны ирээдүй хойч үе болсон түмний үрст эрдэм мэдлэгийн соёлын үрийг түгээж яваа багшийн албыг бахархаад баршгүй билээ.
Боловсролтой Монгол хүнийг бүтээхээр зорилго тээн тэмүүлж яваа боловсролын салбарын нэгэн төлөөлөл болсон багш хэмээх алдрын эзэнг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урилаа. Түүнийг Даваацэрэнгийн Авирмэд гэдэг. Тэрээр МУИС-БС, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн Дэд профессор бөгөөд тус эрдмийн их өргөөнд багшилдаг юм.
-Сайн байна уу? Манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу? Намайг Даваацэрэнгийн Авирмэд гэдэг. Би Завхан аймагт төрсөн. Улиастай хотод өссөн. Арван жилийн сургуулиа төгсөөд, оюутан болоод Улаанбаатар хотод ирээд, эндээ ажиллаж амьдарч байгаа. Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй.
-Таны хувьд боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Боловсрол гэдэг зүйлийг их, дээд сургууль ч юм уу, боловсролын систем, ерөөсөө энэ боловсрол гэдэг зүйлийг монгол хүнийг төлөвшүүлж боловсруулж, бий болгох талаас харж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл монгол хүн ямар боловсролтой, ямар төлөвшилтэй, ямар хандлагатай хүн болох вэ гэдгийг боловсролын систем албан болон албан бус боловсролын тогтолцоо, боловсролын системээс хүүхэд байхаасаа эхлээд олж авах ёстой юм. Бид боловсролтой Монгол хүн бүтээхийг зорьж, тэмүүлж явдаг.
-Мэргэжил бүхэн сайхан. Хүн хамт олонтой байна гэдэг бүр сайхан. Та бүхэн соёлын үрийг тарьж явна гэдэг нь бахархал?
-Мэргэжил бүхэн сайхан. Бүх хүн мэргэжлээрээ бахархдаг. Би ч гэсэн мэргэжлээрээ бахархдаг. Мэргэжил гэхээр би эзэмшсэн мэргэжлээрээ, нөгөө талаар эрхэлж буй албан ажлаараа бахархдаг. Аль аль нь л миний бахархал. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь хүн төрөлхтний хамгийн анхдагч мэргэжил гэж ярьдаг даа. Одоо яг энэ чиглэлээрээ олон хүүхэд залууст мэдлэг боловсрол олгож явна.
Ерөөсөө хүн ажиллаж, амьдарна гэдэг чинь “би биш хамт олон, бид” байдаг. МУИС гээд энэ эрдмийн их өргөөнд ийм сайхан өнөр өтгөн хамт олны дунд ажиллаж байгаадаа маш их бахархдаг. Манай тэнхимийн хувьд, бизнесийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхим 20 гаруй багштай. Хамт олон маань надад үнэхээр их түшиц болж өгдөг дөө.
-Ер нь сайн багшаас сайн шавь төрөн гардаг. Хэдийгээр багш эрдэм номыг сайн заах үүрэгтэй ч шамдан суралцаж буй хувь хүнээс их зүйл шалтгаалах байх?
-Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил цаашдаа ч хүн төрөлхтөнтэй хамт улам боловсронгуй болоод хөгжих ийм мэргэжил. Удирдах, зохион байгуулах, шийдвэр гаргах ийм чадваруудыг шаарддаг болсон байна. Би шавь нартаа үргэлж хэлж захидаг юм.
Та нар мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж яваарай гээд сүүлийн хичээл орохдоо хэлээд гаргадаг. Нягтлан бодогч мэргэжлээрээ ажиллахад төрөл бүрийн, тал бүрийн ур чадварыг шаардаж байна шүү дээ. Тэр шаардлагаас нь аль болох зайлсхийхгүй байх нь чухал. Ажил олгогч нартай ярилцлага хийхэд тийм дүр зураг харагддаг юм. Тэгэхээр “тухайн шаардлага чинь чамд боломж болж ирдэг” гэдэг талаас нь харахыг хичээгээрэй. Чамайг хөгжүүлж, илүү ур чадвартай болоосой хэмээн хүч, хариуцлага өгч байна гээд л бодоорой. Мэргэжил чинь чамайг дагуулаад хөгжүүлээд явах гэж байна шүү дээ. Иймээс мэргэжилдээ үнэнч байж, салбартаа тууштай ажиллаад, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөж яваарай гээд л шавь нартаа захидаг даа.
Ярилцсанд баярлалаа.