Агуу яруу найрагчийн хэлсэнчлэн “Хангайн тэвэр өвснөөс говийн атга өвс дээр байдаг” хэмээх оноч үг бий. Говь сайхан нутаг элсэрхэг, өвс ногоо багатай ч юм шиг харагдаж буй мөртлөө тэр жаахан атгахан өвс нь үржил шим сайтай. Малд бол маш сайхан тэжээл болж өгдгөөрөө онцлогтой хэмээн говь нутгийнхан ярьдаг. Цаанаа нэг л надин нууц агуулсан энэ л нутагт олон жилийн туршид ажилла, хөдөлмөрлөж амьдарч ирсэн Багш, байгаль орчин судлаач Б.Эрдэнэбатыг “Хөрөг” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урин ярилцлаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг Батаагийн Эрдэнэбат гэдэг. Би Монгол Улсын Их сургуулийг экологи, биологич мэргэжлээр төгссөн. Дараа нь Боловсролын Их сургуульд магистр хамгаалсан. Удирдлагын академид Нийгмийн удирдлагын магистр хамгааллаа. Одоо байгаль орчны хууль эрхзүйн чиглэлээр судалж байна. Ус нутаг ярих юм бол би найзууддаа шоглоод ярьдаг юм. Би Монголын л хүн гэж ярьдаг юм. Яагаад вэ? гэхээр манай аав бол Увс аймгийн Өндөрхангай сумын илжгэн халх хүн. Манай ээж Завханы Тосонцэнгэл сумынх. Би одоо Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн. Дорноговь аймагт олон жил ажиллаж амьдарлаа. Улаанбаатар хотод ч олон жил ажиллаж амьдарсан. Ингээд бодохоор би найзууддаа өөрийгөө Монголын хүн гэж хэлдэг нь аргагүй байгаа биз.(инээв)
-Говь гэмээнэ говь билээ гээд л нэгэн яруу найрагчийн сайхан уран бүтээлд тод томруун өгүүлсэн байдаг. Таны хувьд говь нутагт ажиллаж амьдрахдаа ямар албан тушаалыг хашиж ирэв?
-Говийг ингээд харахаар элсэн цөл л харагдаад байгаа мэт боловч яг дотор нь орох юм бол Монголд байхгүй хамаг баялаг тэнд байж байдаг. 38 төрлийн ашигт малтмал говиос илэрдэг юм шүү дээ. Тэгэхээр цаанаа ийм л нууцыг агуулсан нандин нутаг л даа. Би бол байгаль орчин судлаач хүний хувьд бодож явдаг нэг зүйл нь юу вэ гэхээр говийн иргэдэд ерөөсөө задгай усыг аваачих ёстой юм байна гэж хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл манайх “Хэрлэн говь” төсөл, “Орхон говь” төсөл гээд ийм томоохон төслүүдийг санаачилж хийсэн боловч зарим нэг шалтгаанаас болоод хойшилсон байдаг. Тэгээд эдгээр төслүүдийг урагшлуулах ёстой юм байна гэж би хувьдаа маш их бодож явдаг. Надад нэг ийм туршлага байдаг юм. Би Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр гэдэг хүний санаачилгаар Дорнод аймагт Улз голын урсацыг сайжруулах төсөл хэрэгжүүлэхэд би бичиг цаасных нь ажилд зөвлөхөөр ажиллаж байсан. Онон голоос Улз голыг тэжээх ийм төсөл яваад байгаа. Дундаа бас яах вэ гэхээр усны урсацын тохируулгатай. Тэгээд ийм ажлуудыг хийж байхад ард иргэдийн ойлгоц маш чухал байдаг. Мөн манай аавын санаачилгаар Аварга тосонг хамгаалах төслийг хэрэгжүүлж байлаа. Үүн дээр усны тохируулга хийж байгаа. Өөрөөр хэлбэл Аваргын голыг нуурын уснаас нь тохируулга хийх ажлыг зохион байгуулж байна. Нуурын усны чадавхыг нэмэгдүүлж байна шүү дээ. Энэ төсөл дээр бас л мөн адилхан ард иргэдийн ойлголт чухал. “Хэрлэн гол” төсөл эхлүүлэхийн тулд Хэрлэн гол дагасан Дорнод аймаг, Хэнтий аймгийн иргэд болохоор Хэрлэн гол маань тасарчих вий дээ гэж айна. Гэтэл говийн иргэдэд энэ задгай ус маш их хэрэгтэй байна гэдгийг бас тэр иргэд маань бас зөвөөр ойлгох шаардлагатай байна. Хоёрдугаарт нь шинжлэх ухаан маш их хөгжчихсөн. Тэгээд усны тохируулга хийхэд усны ерөнхий урсцад ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэхгүйгээр энэ зүйлийг хийдэг болчихсон байна. Үүнийг иргэд маань маш сайн ойлгож өгөх ёстой.
-Таны хувьд говь нутагтаа ЕБС-ийн захирлаар ажиллаж байжээ?
-Анх төсөвтэй холбогдож эхэлсэн үе сургуулийн захирал болсноос хойш эхлэлтэй. Энэ чинь төсвийн шууд захирагч болж байна гэсэн үг. Тэгээд УИХ-ын Тамгын газар хүртэл төсөв яаж батлагддаг вэ, процессууд хэрхэн явагддаг вэ гээд нэлээн олон жил энэ талаар харж туршлагажин, ингэж явж байлаа. Үүнээс харахад нэг зүйл байдаг. Төсвийг ямар төсөв хаашаа чиглэсэн гэдгээс нь хамаараад, тухайн төсвийг оновчтой, зөв захиран зарцуулах гэдэг дээр бид нар нэлээд ажиллаасай гэж би хувьдаа боддог юм. Нэг бодит жишээгээр ярья. Дорнод аймгийн багш нарыг цалингийн зээлийн хүүнээс чөлөөлье гэдэг хөтөлбөр маягийн зүйлийг хэрэгжүүлэхэд оролцож явлаа. Үүнийг зөвхөн хамт олон шийдэж байна. Хэнд, хаана, ямар зээл өгөх вэ?, хаашаа яаж зарцуулах вэ? Жишээ нь байгууллагын төсвийг ч гэсэн байгууллагын захирал нь зөвхөн мэддэг бус хамт олон нь илүү мэдэх энэ чиглэр рүү бид нар хууль дүрэм, журмыг нь зохицуулж өгөх юм бол асуудалгүй гэж хувьдаа бодож явдаг.
-Гэр бүлийнхнээ танилцуулна уу? Гэр бүлийн үнэ цэн гэж юу вэ?
-Манай ам бүл дөрвүүлээ. Би гэргий, охин, хүүтэйгээ амьдардаг. Гэргий бид хоёр нэлээн төөрөлдөж яваад хожуу учирсан хоёр. Гэргийдээ маш их хайртай. Миний амжилт бүтээл, зовлон жаргал, бүхний ар талд миний гэргий байдаг. Ухаалаг, сайхан үзэсгэлэнтэй бүсгүй бий. Гэр бүлийн үнэ цэн нь өөрөө маш их агуу зүйл. Ерөөсөө л хүн чинь амьдрал дээр том баатар болох гэж, аль эсвэл том баян болох гэж, эсвэл хүний өмнөөс сайн үйлс бүтээх ёстой гээд л ярайтал нь бүгдийг нь хийгээд сайн үйлстэн болох гэж ирдэггүй. Зүгээр л гэр бүлийн сайхан аз жаргалаар амьдарч, эргээд бодохоор нандин дурсамжтай үлдээх тийм л мөч байдаг гэж би хувьдаа хардаг.
-Таны хувьд үндэсний спортоор буюу шагайн харваагаар хичээллэдэг юм байна. Улсын мэргэн цолны болзлоо хэзээ хангаж байв?
-Өв уламжлалыг эцгээс хүүд, хүүгээс хүүгийн хүүд дамжуулдаг. Манай аав энэ шагай харваагаар хичээллэдэг хүн байсан. Аварга тосонгийн Батаа гэж хүн. Аав маань шагай харваанд их дуртай. Бага байхад бид нарыг сум зөөлгөөд л, тэгээд энэ өв соёлтой нэвт ойлгуулаад, оруулчихсан гэсэн үг. Тэр улбаагаараа энэ шагай харваагаар 20 гаруй жил хичээллэж байна. Анх Монгол улсын цолны босгыг алхан орох тэр үеийн дурсамж маш гоё. Дорноговь аймгийн Үлэмж Дархан мэргэн Отгонбаяр гэж энэ эрхэм хүн бий. Энэ хүний удирдлага дор Дорноговь аймгийн шигшээ баг буюу “Суман зурхай” баг дээр харваж 2014 оны Улсын баяр наадмаар мөнгөн медаль хүртэж, Улсын цолны болзлыг анх хангасан. Энэ л үед өөрийгөө чамгүй сайхан амжилт гаргасан гэж хувьдаа бодож баяртай явдаг. Би нэг ийм судалгаа хийж байсан.
Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын магистрт суралцаж байхдаа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шагайн спортоор хичээллүүлэхэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр гол зорилгоо тодорхойлон судалгаа хийж байлаа. Ер нь бага насны хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар их бага буюу 2-3, 4-хөн минут байдаг. Тэгээд л анхаарал төвлөрөх чадвар нь замхраад явчихна. Шагай харваагаар хичээллэсэн хүүхэд тэр анхаарал төвлөрөх чадвар нь урт болчихож байгаа юм. Бараг зарим хүүхэд 8 минут, 10 минут. Өөрөөр хэлбэл багшийн зааж байгаа хичээлийг илүү урт хугацаанд анхааралтай ажиглаж сонсоно. Тэр нь цаашаа сурлагад нь нөлөөлнө гэсэн үг. Бас суугаад сурчихна, багаар л бодоход. Зүгээр л энгийн жишээ энэ. Багшийн ажил явуулахад илүү амар болж өгнө гэсэн үг.
-Төрийн албанд ажиллаж байсан он жилүүдээ та дурсаад яривал?
-Төрд ажиллахад хамт олон хамгийн чухал. Сургуулийн захирал байж байхад сургуулийн багш, ажилтан албан хаагчид, аж ахуйн ажилтан албан хаагчид энэ хүмүүсийн идэвх зүтгэлийг өрнүүлэх гэдэг юмуу даа. Энэ бол үнэхээр маш чухал зүйл байдаг.Төрийн ажил алба бол үнэхээр л тухайн хүний ур чадвараас гадна сэтгэл зүтгэлийг сорьдог доо. Хүн бол үнэн мөн чанараараа л амьдрах нь хамгийн гоё доо.
Ярилцсанд баярлалаа.
Mundag hun bna amjilt ahdaa