Хүн өнгөрснөө мартаж, үгүйсгэж боломгүй. Хүний амьдралын туулж өнгөрүүлсэн бүхэн тэр л чигээрээ баялаг дурсамж байдаг. Багшийн эрдэм шавьд гэдэгчлэн сайн багшаас сайн шавь төрөн гардаг.
Багш нараа дээдэлж хүндлэн, тэднийхээ сайн залгамж чанар болж яваа салбар бүрийн эрдэм мэдлэгтэй, ур чадвартай олон шилдэг боловсон хүчин бий. Тэдний нэг ШУТИС-ийн багш, доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер Б.Чинзоригийг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урилаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Бавуугийн Чинзориг гэдэг. Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Геологи, уул уурхайн сургуульд профессорын албан тушаалд ажиллаж байна.
Би хүүхэд насаа Эрдэнэт хотдоо л өнгөрүүлсэн. Түмний хүүхдийн адилаар Эрдэнэтдээ ЕБС, ясли цэцэрлэгийг дүүргэж хүн болсон доо. Ингээд 1995 оноос хойш тухайн үеийн Техникийн их сургуулийн Уул уурхайн сургуульд ашигт малтмалын баяжуулагчийн технологич инженер мэргэжлээр суралцаж Уул уурхайн инженер технологич мэргэжлийг эзэмшсэн.
Миний аав Пэрэнлэйн Бавуу гээд Булган аймгийн Сайхан сумын харьяат, Эрдэнэтийн анхдагч. Эрдэнэт хотод олон салбарын анхны ажилтан л байсан учраас анхдагч байгууллага, үйлдвэрүүдтэй аав маань түүх холбоотой байдаг. Ээж маань мөн Булган аймгийн харьяат. Тэгээд хань ижил нь томилогдоод явахаар дагаад Эрдэнэтийн бас л нэг анхдагч болж, 6 дугаар цэцэрлэгийг үүсгэн байгуулагдахаас нь эхлээд өндөр насныхаа тэтгэвэрт гарах хүртэл тасралтгүй 30 гаруй жил ажилласан. Ээжийн маань тэр цэцэрлэгт хийгээгүй ажил бараг байхгүй дээ. Би өөрөө бас тэр цэцэрлэгийн хүн шүү дээ. Сурч, хүмүүжсэн хүүхдүүд миний ээжийн гарын оролцоогүйгээр төгссөн, хүмүүжээгүй нэг ч хүүхэд байхгүй. Би ээжээрээ маш их бахархаж явдаг юм.
Хүн бол эцгийнхээ энг хэзээ ч гүйцдэггүй гэж боддог
-Хүн аав, ээжийнхээ сургаал захиасаар өсөж өндийж, хүмүүжил төлөвшлөө олж авдаг. Иймдээ ч сайн хүний үр, суут гүүний унага гэдэг үг зүгээр ч нэг гараагүй болов уу?
-Аав маань их үнэн үгтэй хүн л дээ. Одоо аавынхаа хажууд би хэн ч биш. Хүн бол эцгийнхээ энг гүйцдэггүй юм шиг билээ. Аав, ээж хоёрынхоо сургаж хүмүүжүүлсэн тэр замналаар л явж ирлээ. Одоо ч аав, ээж хоёр маань миний дэргэд том түшиг тулгуур болдог доо.
Сайн багш нарын үргэлжлэл байна гэдэг
хариуцлага бөгөөд хэцүү даалгавар юм
-Хүн ямар гараанаас хэрхэн яаж гарснаа хэзээ ч мартдаггүй. Гэхдээ анхны угшил, анхны гараагаа марталгүй, гээхгүй явна гэдэг хүн бүхэнд байх чанар биш байх?
-Би олон сайн сайхан багш нарын шавь. Хүн багш нарыгаа хэзээ ч мартаж үл болно. Нэг шавь бэлтгэнэ гэдэг чинь өөрөө асар олон багш нарын уйгагүй, олон шөнийн нойр хоол хассан хүч хөдөлмөрийн үр байдаг.
Оюунцэцэг хэмээх Монголын ер нь анхны баяжуулагч эмэгтэй, миний багш. Зураг төслийн чиглэл дээр асар олон ажлуудыг хийж, тэдгээр зураг төслүүдийнхээ хүрээнд техникийн инженерийн хийцлэл хэмээх шинэ шийдлүүдийг гаргаж ирж байсан. Тэгээд багшийн маань хийж байсан бас нэгэн ажлынх нь үргэлжлэл нь “Тоосонцор алт баяжуулах технологи” юм. Ялангуяа манай эх оронд гарч ирж байгаа энэ үүсмэл ордууд буюу технологийн үед хийгдэж буй алтнуудын мөн зөвхөн алт ч биш хүнд металлын баяжуулалтан дээр бодитой үүрэг гүйцэтгэх энэ номыг үргэлжлүүлэн бэлтгэж хэвлүүлэн гаргаса. Энэ бол багшийн минь амьд ахуйдаа хийж хэрэгжүүлж явсан ажил бүтээлүүдийг нь ном болгон хэвлүүлсэн ийм сайхан оюутны гарын авлага байдаг юм.
Тэгээд ЕБС-д багш нар маань нэлээн махарч, ёстой л ахмад залуугүй зүтгэж байж, хүний хэлсэн зүйлийг ойлгодог хүн болгох гэж их л зовлонгоо үзсэн байх л даа. Тэр дундаа Б.Жагдагмаа багшийгаа энэ дунд нэг дурсаад авая. Бас л хүний дээд сайхан багш нарын маань нэг.
Ер нь хүнд байхыг л биеэрээ сайхан үлгэрлэчихсэн хүн. Баргийн зүйл дээр бусдын өмнөөс хариуцлага хүлээвэл, хүлээсэн шиг хүлээдэг. Хүнд нэг үг хэлсэн бол хэлсэн үгэндээ эзэн байхын тэр утга учрыг илэрхийлсэн сайхан багш нарын маань жишээнүүд тасрахгүй хөвөрч байна л даа. Одоо харин хамгийн гол нь энэ багш нарын үргэлжлэл байж чадах уу гэдэг хариуцлага над дээр ирнэ гэдэг чинь өөрөө эргээд бодоход их айхтар хэцүү даалгавар байдаг юм байналээ.(инээв)
Аливаа салбарт “тогтвортой хөгжил” чухал
-Уул уурхайн салбарт ер нь бүх л салбарт “тогтвортой хөгжил” маш чухал. Таны хувьд баг хамт олонтойгоо олон томоохон судалгааны ажлын ард гарчээ. Судалгаанаас мэдээж бодит эерэг үр дүн гарах нь чухал?
-Шинжлэх ухааны шинэ чиглэлийн хийж байгаа судалгааны ажлууд бол мэдээж тодорхой амьдралын мөчлөгийг давж байж, тэдгээр нь хэрэглээнд шилжих нөхцөл бололцоо нь харилцан адилгүй цаг хугацааг туулдаг.
Уул уурхайн салбар дээр гарч ирж байгаа ололт амжилтуудыг ялангуяа сүүлийн 20-25 жилийн хугацаанд хийгдсэн ажлын үр дүнгүүдийн нэвтрэлтийг манай судлаачид хамтарсан байдлаар, бид бүхэн судалж үзсэн. Тухайлбал 1998 онд эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн чиглэлээр буюу байгаль орчны экологийн хязгаарлалттай, тэгээд нөөцийн үр ашигтай, эдийн засгийн өгөөжтэй, нийгмийн өгөөжтэй байх энэхүү төсөл судалгааны ажлуудыг эхлүүлсэн. Эдгээр нь үндсэндээ 2020 оноос эхлээд цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх энэхүү хэлбэр рүү шилжиж эхэлж байна. Ингэхээр эрдэс баялгийн тогтвортой хөгжлийн асуудал Монгол улсын эрдэс баялгийн салбар дээр экологийн хязгаарлалттайгаар хөгжихдөө 22 жилийг үндсэндээ туулж эхлэл нь тавиглаж байна гэж харагдаж байгаа. Гэхдээ өмнө нь энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлууд хийгдэж байсан. Харин одоо илүү шинэлэг түвшинд олон мэргэжил, салбарын хүмүүс нэгдэн нийлж нэгэн баг болон ажиллаж байгаа нь ололттой тал.
Бид дараагийн залгамж эрдэмтэн судлаачдаа бэлтгээд явах хэрэгтэй
-Таны хувьд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний арга хэмжээг баг хамт олонтойгоо ахалж олон жил тогтмол зохион байгуулж иржээ?
-Залуу эрдэмтдийн чуулдаг газар бол “Хүрэлтогоот”. Би тэд нараараа маш их бахархаж явдаг. Бид дараа дараагийн үеийн эрдэмтэн судлаачдаа бэлтгээд явах ёстой. Нийт өнгөрсөн хугацаанд хийгдсэн 1000 гаруй бүтээлийн библиограф буюу бүтээлийнх нь тэр эмхэтгэлийг гаргаад дараа дараагийн залуу судлаачид ашиглахад бэлэн болгосон. Ингэснээр тухайн бүтээлүүдийг гарын авлага болгон дараагийн үедээ шилжүүлж хүлээлгэж өгсөн. Одоо манай Бямбацогт, Батгэрэл гээд сайхан залуучууд үүнийг цааш нь үргэлжлүүлээд Удирдах зөвлөлийн гишүүдээ нэмэгдүүлээд хүрээгээ улам өргөжүүлээд явж байна.
-Таны бодлоор шударга хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Хүн мэддэг зүйлээ, чаддаг салбарынхаа тухай бусдад яривал илүү үнэнд ойр тусах байх?
-Ер нь аливаа зүйлийг сайтар мэдэж, мөн чанарыг нь танихын хэрээр тэр тухайн зүйлээс гарч ирэх үр шимийг нь бид нар илүү тодорхой ойлгодог нь ерөөсөө нийтийн жам л юм байна л даа. Мэдэхгүй зүйлийг хэтэрхий энгийнчлээд ирэхээрээ аль ч салбар ялгаа байхгүй. Маш амархан уналтанд орно.
Би их шударга хүн, би их үнэнч хүн гээд хашхираад ирэх юм бол тэр биш. Амьдрал дээр хараарай. Өөрийнхөө дутууг нөхөхийн тулд үг хэлээрээ л нөхдөг болохоос бус мөн чанартаа тэр нь өөрийнх нь илэрхийлэл гэж би л лав хардаггүй.
Тэр чинь өөрөө өөрийгөө л үнэлээд байна шүү дээ. Тэгэхэд олон сайхан шударга хүмүүс амьдрал дээр байна.
Тэр шударга хүмүүс хэзээ ч бусдын өмнө гараад би шударга хүн, одоо ингэмээр байна, тэгмээр байна гэж бархираад байхгүй.
Эрдэс баялгийн салбарын хөгжлийн эх үүсвэр бол геологи хайгуул юм
-Уул уурхайн салбарын хамгийн амин чухал эх үүсвэр бол геологи. Энэ бол уул уурхайн эхлэл цэг байдаг?
-Өнөөдөр бий болгосон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн геологи, минерлогийн эрдэс судлалын музейн хэсэг оюутан залуучуудад маш их мэдлэг олгоно. Үүнийг хэлэхийн учир шалтгаан юу вэ гэхээр ер нь аливаа эрдэс баялгийн салбарын хөгжлийн эх үүсвэр бол геологи хайгуулын шатнаасаа эхлэлтэй байж байдаг. Газрын хэвлий болон газрын гадарга дээрх ашигт малтмалынхаа нөөцүүд болон бусад биологийн ашигт эрдсүүдийн төрөл зүйлүүдийг тодорхойлсноороо бид нар цаашид уул уурхайн үйлдвэрлэл, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх боломжтой эсэх тал дээр шийдвэрийг гаргадаг. Ийм учраас дэлхий нийтээр геологийн шинжлэх ухаан бол түрүүлж явж байх ёстой.
-Аливаа ажлын ард амжилттай гарахад баг хамт олон маш чухал. Зөв баг нэгэн зорилгын төлөө тэмүүлж чаддаг. Багаа хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Манай багийнхан хэд хэдэн чиглэлээр ажиллагаа хийж байна. Технологийн түвшний үнэлгээний чиглэлийн судалгааны баг, уул уурхайн чиглэлийн төсөл судалгааны чиглэлийн баг, гео экологи, экологийн чиглэлийн судалгааны баг байна. Тэгэхээр эдгээр багууд маань тус тусдаа өөрийн гэсэн үүрэгтэй. Үүрэг нь болохоор зорилгоороо нэгддэг. Үйлдвэр технологийн паркийн судалгааны хувьд аваад үзвэл 100 орчим судлаач оролцсон байдаг. Энэ бол багагүй тоо. Ажлынхаа яг үүрэг даалгавар болгоныг тус тусад нь эхлээд маш нарийн төлөвлөдөг. Хэн юу хийх вэ?
Ус хангамж нь бол ус хангамжаа, дэд бүтэц нь үүнийгээ, эдийн засаг нь эдийн засгаа гэх мэт. Яг суурь нөхцөлүүдээ яаж нэгтгэх вэ? Гэдэг дээр тухайн нэгтгэлийг хариуцаж байгаа томоохон эрдэмтэд судалгаан дээр ажиллаж байна.
Энэ хүмүүс маань хоорондоо нэгдэж ажиллана. Харилцан бие биенээ танихгүй хүмүүс л эхлээд нийлж байгаа шүү дээ. Нэгдэж ажиллана гэдэг чинь өөрөө миний хийсэн судалгааны ажлын үр дүн, үйлдвэрлэлийн хэрэгжилтэнд дараагийн өнгө төрхийг бий болгоход ямар оролцоотой байдаг юм бэ гэдгийг л биеэрээ мэдрээд авчихаж байгаа юм. Оюун ухаанаараа мэдэрнэ. Иймээс судалгааны баг гэдэг бол нэгдмэл зорилготой, нэг тийшээ харж чаддаг, аливаа нэгэн алдаа доголдлыг илрүүлсэн бол маш богино хугацаанд засаж залруулах, тухайн ажил урагштай сайн явж байгаа тохиолдолд хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж алдахгүй байх хэмжээн дээр ачаалал үүрэх чадвартай ийм л багуудыг хэлдэг дээ.
Ярилцсанд баярлалаа.