Он гараад эхний гурван сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар зам тээврийн ослоор 419 хүн амь насаа алджээ.
“Дүрмийг зөрчих гэж зохиодог” гэх мэт хар амиа бодсон бидний зусарч хандлагаас үүдэн нэг жилийн дотор зуу зуун хүн алтан амиа алдсаар…
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ЖОЛООЧИЙН БУРУУГААС ҮҮДЭЛТЭЙ
Монгол Улсын хэмжээнд 1034 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгаагаас 419 нь жолооны курс жолооч бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байна. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй гэх судалгаа байдаг. Үүнийг жолоочдын хайхрамжгүй, “зэрлэг” үйлдэлтэй холбохоос гадна, жолооны сургалтуудын чанарын асуудал давхар хөндөгдөнө.
Бид асуудалтай холбогдуулан иргэдээс жолооны сургалтууд хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг, чанартай байж чаддаг эсэх талаар тодрууллаа.
Таван иргэнээс, жолооны сургалтад явж байх хугацаандаа дүрмийн болон барьж дадлагажих хичээлээ тасалж байсан уу? гэж асуухад, гурав нь дүрмийн хичээлдээ бараг суугаагүй. Барьж сурах нь чухал учраас дромоо харин тасалдаггүй. Дүрмийн тасалсан хичээлүүдээ багштайгаа тохиролцоод нөхдөг гэсэн хариултыг хэлж байв. Үүнээс үзвэл машинаа бариад замын хөдөлгөөнд орж чадаж л байвал дүрмийн хичээлийг явцдаа сурчихна гэсэн хандлага ажиглагдаж буй юм.
ЖОЛООНЫ ШАЛГАЛТЫГ ӨДӨРТ 100 ХҮН ӨГЛӨӨ ГЭЖ БОДОХОД 10-20 НЬ ТЭНЦЭЖ БАЙНА
Жилд дунджаар 40-50 мянган шинэ жолооч бэлтгэгдэж, жолоодох эрхийн үнэмлэх авдаг. Харин жолоочдод ямар хөтөлбөрийн дагуу хичээл заадаг талаар албаны хүнээс тодруулахад “Журмын дагуу онолын 76 цаг бол дадлагын цаг буюу тусгай талбай болон замын хөдөлгөөний нийлээд 32 цаг байдаг. Гэхдээ энэ бол чадварт суурилсан цаг. Энэ цагт л багтаж бүгдийг нь сурах ёстой гэсэн үг биш. Сонсогч дүрмээ сайтар судалсан бол заавал 76 цагийг дуусгах албагүй. Мөн жолоо барих дадлагаа 32 цагаас илүү байлгаж болно. Гэвч жолооны шалгалтыг өдөрт 100 хүн өглөө гэж бодоход 10-20 нь тэнцэж байна” гэв.
ЖОЛООНЫ СУРГАЛТУУД ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ЮУ
Ингээд шалгалтдаа тэнцээгүй эсвэл шалгалтаа өгөх боломжгүй хүмүүс танил талаараа дамжуулж, мөнгө төлөөд үнэмлэхтэй болдог тохиолдол бий.
Тухайлбал, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэн Т машин барьж чаддаг ч, дүрмийн мэдлэггүй. Жолооны сургалтад хэсэг хугацаанд суусан ч багштайгаа ойлголцож чадаагүйн улмаас сургалтаасаа гарч танил талаараа дамжуулан жолооны үнэмлэхтэй болоод авсан. Энэ мэт тохиолдлууд монголд хэдэн зуугаараа бий. Сурах гээд бусадтай ойлголцож чадахгүй эдгээр иргэд харанхуйгаар замын хөдөлгөөнд оролцож, хэн нэгний эрүүл мэнд, амь насанд хүрч болзошгүй. Иймд жолооны сургалтуудад мөн дохионы хэлмэрч багш зайлшгүй байх шаардлагатай юм.
93 ЯВГАН ЗОРЧИГЧ АМЬ НАСАА АЛДСАН
2023 оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй 19 мянган дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бид ослын тоон мэдээллийн талаар Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.
Энэ талаар ахмад Х.Мөнх-эрднэ “Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 342 нь хөдөө орон нутгийн замд дээр 68 нь нийслэл Улаанбаатар хотод зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байна Нийт зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан 410 хүний 93 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байгаад амь насаа алдсан тоон мэдээлэл байна” гэв.