
Хэвлэлийн эрх чөлөөний асуудал дэлхийд анх тогтмол хэвлэл гарсан үеэс л хөндөгдөх болсон. Сэтгүүлч хүн цаг үеийн шинжтэй үйл явдал, үзэгдэл, нийгмийн тулгамдсан асуудлаар мэдээлэл бэлтгэхдээ хараат бус байх нь аль ч цаг үед чухал. Гэхдээ бодит амьдрал дээр хэвлэлийн эрх чөлөө нь хууль эрх зүйн орчин, хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн байдал, улс төрийн хүрээнээс хамаардаг.
Тэгвэл “Монголын хэвлэлийн эрх чөлөө бүтэн биш” гэж МУИС-ийн сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, доктор Г.Мэндхүү нэгэн илтгэлийнхээ үеэр дурдаж байв. Хэвлэл мэдээллийн салбарынхан мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь эдийн засгийн шинжтэй бэрхшээл, хуулийн хүрээнд тогтоосон хязгаарлалт бий.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ САЙЖРУУЛАХЫН ТУЛД…
Хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахын тулд цогц байдлаар асуудлыг авч үзэх хэрэгтэй талаар судлаачид өгүүлжээ.
- Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч нар асуудалд төвийг сахисан байдлаас хандаж баримт, үзэл бодлыг ялгаж салгаж бүтээлдээ тусгаж, хөндсөн сэдвийн хүрээнд аль болох нийгмийн янз бүрийн төлөөллийн санаа бодлыг тусгадаг болох ёстой.
- Хоёрдугаарт, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд өөрчлөлт оруулж сэтгүүлчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулах шаардлага байна гэж үзэж буй. Сэтгүүлч бүтээл туурвиад эрүүгийн хууль зөрчсөн гэж буруутгагдан шүүхийн хаалга татах эрсдэл бодитоор бий болсон.
Бидний санаж буйгаар 2015 онд Монголын Үнэн сонины орлогч эрхлэгч асан сэтгүүлч С.Баттулгыг шүүгчийн захирамжаар цагдан хорьж байв. Тухайн үед Монголын Сэтгүүлчдийн эвлэл мэдээллийг олон нийтэд дамжуулах үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчийг гэм буруу нь тогтоогдоогүй байхад цагдан хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ноцтой үр дагавар гэж үзэж, олон нийт сэтгүүлчийг суллахыг шаардаж байсан.
Мөн Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг хорих шийдвэр гарснаас хойш гурван удаа шийдвэрийг сунгаж, улмаар 68 хоногийн дараа сулласан юм. Ингэхдээ түүний холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуустал хугацаанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хориглоод буй.
Цагдан хорихоос гадна “томчуудын” хууль бус үйлдэл, авлигын сүлжээ гэх мэт асуудлыг дэлгэх үед тухайн сэтгүүлчид нэхэмжлэл гаргадаг, хэрэг үүсгэдэг асуудлууд өнөөдөр энгийн үзэгдэл мэт боллоо. Тухайлбал Өрөг.мн сайт “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэвтрүүлэг бэлтгэн цацсан байдаг. Тус нэвтрүүлэгт шилэн дансны ил тод мэдээлэлд үндэслэн “Сод Монгол групп” Эрдэнэт үйлдвэрт хэрхэн шахаа хийсэн тухай баримтыг гарган тавьсан. Улмаар “Сод Монгол групп” нэвтрүүлгийн баримтыг гүтгэлэг хэмээн мэдэгдэж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, Өрөг.мн сайт, сэтгүүлч У.Болортуяагаас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн юм.
СУДАЛГАА…
Глоб Интернэшнл Төвөөс гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны тайланд дурдсанаар Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эдийн бус гэм хорын хохирол учруулсантай холбоотойгоор 2021 онд иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэгдсэн 54 хэрэг байна. Нээлттэй цахим сан болох Shuukh.mn сайтаас эдийн бус гэм хорыг арилгах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой анхан шатны 29, давж заалдах шатны 9, хяналтын шатны 2, нийт 40 шүүхийн шийдвэрийг байршуулсан байна.
Шүүхээс шийдвэрлэгдсэн хэрэгт нэхэмжлэл гаргагчдын 30 хувь нь төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага байгаа бол 22.5 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон нэхэмжлэл байгаа юм.
Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексийн 2023 оны тайланд манай улс өнгөрсөн жилийнхээс хоёр байраар ахиж, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 88 дугаарт бичигдсэн боловч “асуудалтай” ангилалд багтаж байна.
ХАРИН ОЛОН УЛСАД…
АНУ-ын хувьд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр гурван байраар ухарч, 45-рт нэрлэгдсэн ба үүнд эдийн засаг, хуулийн асуудал нөлөөлсөн гэж дүгнэж байна. Тухайлбал, Жулиан Ассанжийг шилжүүлэх оролдлого, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Сулливан болон “New York Times” сонины хоорондох зөрчил, АНУ-ын хэвлэлийн салбарт өргөн хүрээтэй цомхотгол явагдаж, мэдээллийн хэрэгслүүд хаагдсан нь үүнд нөлөөлжээ.
Хараат бус хэвлэл мэдээллийн эсрэг өргөн хүрээтэй ажиллагаа явуулсан ОХУ-ын байр есөөр ухарч, 164-рт нэрлэгдсэн байна. Харин Украины хэвлэлийн эрх чөлөөний индекс 27 байраар урагшилж, 79-рт нэрлэгджээ.
Хэт барууны үзэлт ерөнхийлөгч Жаир Болсонаро Бразилын төрөөс бууснаар тус улсын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт 18 байраар урагшилж, 92-рт бичигдсэн байна. Засгийн газрын өөрчлөлтүүд нь “мөн хэвлэл мэдээллийн орчныг сайжруулж, Австрали (12 байраар урагшилж 27-рт) болон Малайз (40-өөр өсч, 73-рт) зэрэг индексийн мэдэгдэхүйц өсөлтийг бий болгосон” гэж тус тайланд дурджээ.
Үүний зэрэгцээ Азийн гурван орон хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 180 орны сүүлийг мушгисан нь Вьетнам (178-рт), Хятад (179-рт) and Хойд Солонгос (180-рт) орсон байна.
Мөн Махса Амини бүсгүйн үхлийн дараа өрнөсөн бүх нийтийн эсэргүүцлийг дарахын тулд жагсагчид болон хэвлэлийн эсрэг ажиллагаа явуулсан Ираны үзүүлэлт унаж, 177-рт бичигджээ. Ерөнхий сайд Нарендра Моди хэт туйлширсан бодлого явуулж, хэвлэлийн салбарт түүнтэй ойрын холбоотон олигархууд хүч түрэн орж ирснээр Энэтхэг улсын үзүүлэлт 11 байраар ухарч, 161-рт бичигдлээ. Ирэх тавдугаар сарын 14-ны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сэтгүүлчдийг хавчин гадуурхах бодлого явуулсан Эрдоганы ачаар Турк улс ч хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 16 байраар ухарч, 165-рт нэрлэгдэж байна.
Дэлхийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхийг хамгаалагч байгууллагуудын нэгтгэсэн судалгаагаар 1990 оноос хойш нийт 2500 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ амь насаа алдсаныг сануулжээ…