“Сайн байна уу” хөрөг нэвтрүүлгийн шинэ дугаарт “Аnna cashmere” брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г. Ариунжаргал оролцлоо. 13 жилийн турш бизнес эрхлэхдээ хувийн амьдралаа тордох сөхөөгүй явсан эл бүсгүй бизнесийн салбарт хийсэн зүйлтэй, ярих түүхтэй. Түүнтэй бид ямар саад бэрхшээлүүдийг туулж, энд хүрсэн тухай болон ирээдүйд хэрхэн амжилтаа ахиулахаар төлөвлөж буй талаар ярилцсан юм.
-Сайн байна уу? Ярилцлагын санал хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Намайг Ганзоригийн Ариунжаргал гэдэг. 1980-аад оны төлөөлөл байна. Миний хувьд бага ангидаа Монголд сураад, Хятадын Шанхай хот руу явсан. Үргэлжлүүлэн Англид сурсан юм. Харин одоо монголынхоо ажилчин анги руу ирсэн дээ. Манайх Дундговь аймгаас гаралтай айл. Дундговь аймагтаа төрөөд, Улаанбаатарт шилжин ирж байлаа. Зах зээлийн шилжилтийн үеийн гэр бүлийн хүүхэд шүү дээ. Манай ээж хэлдэг юм. Тухайн үед бараг хүн бүр янз бүрийн л бизнес хийж байсан гээд. Ноолуурын салбарыг илүү ирээдүйтэй, экспортын голлох бүтээгдэхүүн болох өнцгийг харсан тухайгаа одоо ярьдаг.
-Тэгэхээр багаасаа ноолуурын салбарын сайн муу талыг харж өсөж ээ дээ?
-Нэг талаараа тийм. Гэхдээ бизнесээ өвлөж аваад ажиллая гэж огт бодоогүй. Багадаа Хятадад байсан болохоор илүү наймааны ухаан сурсан байх гэж боддог. Хамгийн гол нь багаасаа зураг маш сайн авдаг байсан. Хамаатны хүүхдүүдийнхээ зургийг аваад л. Шөнөжингөө янз бүрийн зураг авчхаад угаалгаад альбом болгоод бэлэглэдэг байлаа. Бодоод байхад, ноолуурыг загварлаг болгоё гэх санаа хүүхэд байхаас л төрсөн байх. Ямар ч байсан зураг авах маш сонирхолтой байсан.
Түүхий эдийн ажилд туслаад гадагшаа явж экспорт хийдэг байх үедээ үнэхээр том цохилтод орж байсан. Тэр нь юу гэхээр гэр бүлдээ тусалж байна гээд их үнэтэй ноолуурыг Хятадад аваачиж зардаг хүн болсон юм. Эхэндээ их л сайн зарлаа. “Өө ёстой болох юм байна” гээд дахиж очоод “шатсан”.
Гэр бүлийнхээ бизнест туслах биш усалчихлаа. Чадваргүй хүүхэдтэй байхын зовлон яасан их юм бэ гээд л их бодсон юм. Гэхдээ шантрах гэхээсээ илүү би яагаад чаддаггүй билээ. юу хийж чадах билээ гэх бодол давамгайлсан. Өөрөөр хэлбэл өөртэйгөө тулж эхэлж байсан нь энэ.
МОНГОЛ НООЛУУРЫГ 7000 ДОЛЛАРЫН ҮНЭД ХҮРГЭНЭ
-Ингээд чаддаг зүйлээ олсон гэсэн үг үү?
-Тийм ээ. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний зах зээл байсан. Тэр дундаа үнэтэй буюу тансаг зэрэглэлийн зах зээл. Энэ бол түүхий эдийн бизнес хийж байгаа Хятадуудын чадварын хажууд өөр асуудал шүү дээ. Гол нь миний чадварын асуудал. Үүгээр л би өөрийгөө харуулах юм байна гээд зүтгэсэн. Энэ бол амьдралаараа олж авсан маш том туршлага. Өнөөдөр манай ноолуур Хонг Конг Бээжингийн долоон дэлгүүрт 2200 доллароор зарагдаж байна. Loro Piana яагаад нэг цамцаа 5000 еврогоор зарж байгаа юм. Гэтэл бид хамгийн ил тод, хамгийн шударга хамгийн их орцтой бүтээгдэхүүн гаргачхаад тэдний нэг цамцны тал үнэд ч хүрэхгүй үнээр зармааргүй байна шүү дээ. Тэр миний зорилго биш. Одоо хэдүүлээ 5000 долларын төлөө зүтгэнэ ээ гээд л хичээж байна.
-Их амбицтай байна шүү.
-Энэ бол миний гэр бүлийн 20 жилийн бизнесийн хөдөлмөр дээр гарсан амбиц. Тэгэхээр эхлээд 5000, дараа нь 7000 хүрэх ёстой. Мухардахаараа л хүн их сонин болдог. Яагаад мухардав. Юун дээр нь алдчихав аа гээд л бодож өгнө. Асуудлыг том зургаар нь харах ёстой. Асуудал тулгарах үед тэр дотроо л байгаад байвал шийдэгдэхгүй. Том зургийг нь харж байж бусад жижиг асуудлаа ойлгож, шийдвэрээ гаргадаг. Нэг зүйл дээр өөрийгөө зовоох маш дургүй.
-Өнгөрсөн хугацаанд салбартаа багагүй дэвшил авчирсан гэж хардаг. Дараагийн алхам тань юу вэ?
Зөвхөн бизнес эрхлэгч байж очоод л Монгол Улсыг төлөөлж чадахгүй шүү дээ. Тэр утгаараа миний зорьж байгаа зүйл бол тодорхой хэмжээнд хөгжчихсөн салбаруудын санхүүжилтийн асуудлыг эко системийнх нь дагуу хөгжүүлэх. Миний салбартаа хийж чадах хамгийн эхний алхам бол ноолуурын кластер бий болгох байсан. Түүнийг бол хийсэн. Үр дүндээ хүрсэн. Үнэлгээгээ олон улсын зах зээлээс авсан.
Одоо гаднаас ноу хау оруулж ирээд ноолуурынхаа салбарын санхүүжилтийн асуудлыг маш тогтвортой, урт хугацаандаа маш ээлтэйгээр шийдэх гарц гаргалгааг судалж багаараа ажиллаж байна.
ЗӨВХӨН НҮҮРС БИШ СОЁЛ ЭКСПОРТОЛДОГ БОЛОХОД ХҮЧ ЗАРНА
-Говийн охин нутгаа эргэж тойрч байна уу?
-Өнгөрсөн жил Дундговийн Их Газрын чулуунд шоу үзүүлсэн. Нутгийн охиноор загвар өмсүүлэхэд ард олны сэтгэл их тэнэгэр байсан. Надад ч бас маш гоё сэтгэгдэл төрж байсан юм. Нутгийн охин маань дэлхийн модель шиг л болохын хажуугаар, малчдын маань бэлтгэсэн ноолуур ийм бүтээгдэхүүн болдог гэдгийг харуулах их сайхан юм билээ. Буцаад мэлмийг нь мялаана гэдэг шиг.
Энэ бол соёл түгээж буй хэлбэр. Заавал түүнийг Милан, Улаанбаатарт очиж үзэх хэрэггүй шүү дээ. Бид тэр соёлыг түгээх үүрэгтэй хүмүүс юм. Аймаг маань цаанаасаа урлагийн хүн төрүүлдэг. Дуу хуурын өлгий нутаг Дундговь гэж… Маш их уул уурхайн баялаг байгаад л түүнийг экспортлоод илүү хөгжүүлнэ гэхээс илүү соёл экспортолдог аймаг болгон төгөлдөржүүлээд, чаддаг юмандаа маш сайн байх чухал.
ХӨДӨЛМӨР ДУНДААСАА АЗ ЖАРГАЛАА ОЛООД СУРЧИХСАН УЧРААС ДЭМИЙ ЗҮЙЛД ШАНАЛДАГГҮЙ
-Ажлын тухай их зүйл ярилаа. Бизнесийн салбарт амжилттай яваа эмэгтэйчүүд гэр бүлээ золиослох нь их байдаг юм шиг. Та юу гэж боддог вэ?
13 жил бизнес хийж байна. Сайхан охинтой боллоо. Үүнийг дагаад хувийн амьдралдаа гаргах цаг хугацаа л байхгүй болчихдог юм билээ. Магадгүй үүнийгээ зохион байгуулаад явдаг хүмүүс ч бий байх. Миний хувьд амжихгүй л байна. Гэхдээ түүнийг би сул талаа гэж хардаггүй.
Манай ээж хэлдэг юм. “Ариунаа би чамайг төрүүлээд өнөөдрийг хүртэл чамд яаж сайн үлгэрлэл болох уу гээд хичээж байгаа шүү” гээд л. Хүүхэд гаргаагүй байхдаа нэг их ойлгохгүй шүү дээ. Хүүхэд гаргачхаад л, миний хүүхэд дэлхийн хаана ч амьдарч магадгүй. Хэнтэй ч амьдарч магадгүй. Тэгэхээр хүний амьдралын ухаан юу юунаас илүү боловсрол гэдгийг ойлгосон. Гадаадын хэчнээн их дээд сургуульд яаж ч сураад тэр амьдралын ухаан бодит чадвар хүнд суухгүй. Амьдралын ухааныг л охиндоо өвлүүлэх үндсэн зорилготой. Нэг юм аа барьж аваад тууштай явж байхад тэр хүн өөрийгөө олно. Хүсэл мөрөөдлөө олно. Тэр хүсэл мөрөөдөл нь хөлс дуслуулж өөрт ирсэн учраас хэзээ ч хаядаггүй. Тэрэндээ хүрнэ гэсэн үг.
Заримдаа яг юуны төлөө ингэж ядарч хүүхдээ чирээд явдаг юм гээд заримдаа боддог. Сүүлдээ ойлгочхож байгаа юм. Бизнес, улс төр, нийгмийн ачааллыг бүгд адилхан үүрч байгаа шүү дээ. Хэн ачаалалгүй байгаа юм. Эцсийн дүнд эрх чөлөө хамт ирдэг юм байна. Миний хувьд ажлаа хийж, хөдөлмөр дундаасаа аз жаргалаа олоод сурчихсан. Эцсийн дүнд бүгд л эрүүл энх аз жаргалтай байхын төлөө л яваад байна.
МОНГОЛД БУЙ БОЛОМЖОО ХАРАХ НҮДТЭЙ БАЙГААРАЙ
-Залуусын хандлага, боловсрол ч их өөр болжээ. Гэвч хэсэг нь монголд буй боломжийг харахгүй байх шиг санагддаг уу?
-Жинхэнэ шинэ цагийн капиталистууд төрж байна. Үүнийг гаднынхан ч маш сайн харж байна л даа. Монгол ядуу ч юм шиг. Цөөхүүлээ ч юм шиг хэрнэ хүн капитал сайтай. Гурван сая чингис гэдэг шиг. Тэр бол үнэн. Манайхаас IT салбарын том инженерүүд төрж байна. Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлд манай залуус шинэ өнгө аяс гаргаж ирж байгаа юм. Шинэ үеийн чадварлаг залуус төрж байгаад үнэн сэтгэлээсээ баярладаг. Гадагшаа яваад амьдрал шийдэгдэх юм байхгүй. Бүгдийг тэгээс эхэлнэ. Тэгэхээр монголдоо байгаа боломжийг хараад, асуудал руу илүү гүн ороод өөр өнцгөөс хараад явбал бидэнд их боломж байгаа шүү.
-Ярилцсанд баярлалаа.