БНСУ-ын эмч нар анагаах ухаанаар сурдаг оюутны квотыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж хэдэн хоногийн турш жагсаж байна. Улмаар БНСУ-ын дадлагажигч эмч нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа юм. Тэгвэл БНСУ-ын хэвлэлүүд тус улсын эрүүл мэндийн салбар хямралд өртөж байгаа талаар мэдээлж эхэллээ.
Тодруулбал, баасан гарагт БНСУ-ын засгийн газар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дөрвөн түвшний хэмжүүрээ хамгийн дээд түвшинд буюу "ноцтой" гэсэн түвшинд хүргэлээ. Мөн амралтын өдрүүд болон бүх нийтийн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн салбарын үйлчилгээг илүү өргөжүүлэхээр болсон байна.
Баасан гарагийн байдлаар Сөүл болон бусад бүсүүд дэх томоохон эмнэлгийн 9000 гаруй дадлагажигч эмч ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд тэдний дийлэнх нь ажилдаа ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, БНСУ өдгөө дадлагажигч, резидент эмч нарын ихээхэн дутагдалтай ажиллаж байгаа аж. Засгийн газраас ажилдаа ирэхгүй байгаа дадлагажигч эмч нарын 6000-д ажилдаа ирэх тушаал өгсөн байна. Түүнчлэн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн эмч нарын өргөдлийг эмнэлгүүд хүлээн аваагүй буюу зөвшөөрөөгүй байгаа юм.
Ийнхүү БНСУ-ын эмч нар ажлаа орхиод долоо хоноогүй байгаа ч тус улсын томоохон эмнэлгүүдэд хийгдэх хагалгааны тоо 30-50 хувиар буурсан байна. Засгийн газрын зүгээс тохиролцох бус шаардах арга хэмжээ рүү чиглэж байгааг хэвлэлүүд мөн тодотгожээ.