Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч Сономын Удвал агсны хүү Гавьяат хуульч, төр, захиргааны ахмад ажилтан үр хүүхдийнхээ хайрт аав, халамжит хань, ач нарынхаа энэрэлт өвөө БАГААЖАВЫН ӨНӨБААТАР 2024 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өвчний учир зуурдаар нас нөгчин нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Б.Өнөбаатар нь 1951 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрж 1959-1969 онд Зөвлөлтийн 10 жилийн дунд сургуульд суралцаж төгссөн. Улмаар дээд сургуульд орж суралцан 1975 онд МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ, АНУ, Япон, Тайланд, Швед, БНСУ, Вьетнам, Филиппин, БНХАУ, Египет, Казахстан зэрэг оронд мэргэжил дээшлүүлэх, мэргэших сургалт, семинарт хамрагдсан юм.
1975 оны 7 дугаар сараас Шүүх яамны хууль боловсруулах, системчлэх хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн дарга, мөн яамны гадаад харилцааны хэлтсийн дарга, олон улсын эрх зүй, хамтын ажиллагааны газрын хэлтсийн даргаар ажиллаж байв. 1985 оноос 1990 он хүртэл Москва хотноо Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газрын хуулийн хэлтсийн эксперт, 1990 оноос Хууль Зүйн Яамны Олон улсын эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. 1992-1996 онд “Түмэн Гол” төслийн Монгол талын хуулийн зөвлөх, 1996 оноос 1999 он хүртэл УИХ тамгын газрын хуулийн хэлтэс болон Парламент хоорондын харилцааны хэлтэст тус тус зөвлөх, 1999-2002 онд Төрийн Өмчийн Хороонд Тамгын газрын орлогч бөгөөд Хууль зүйн албаны дарга, 2002 оноос 2013 он хүртэл Төрийн Албаны Зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ.
Гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч түүний хөдөлмөрч, зарчимч, шударга зан чанарыг төр, олон нийтийн байгууллагууд үнэлэн 2013 оноос 2019 он хүртэл “Когниториус Консалтинг” ХХК-д ахлах зөвлөх, 2015-2016 онд Эрүүл Мэнд, Спортын Яамны сайдын зөвлөх, 2017-2019 онд “Mongolian Lawyer Partners” нөхөрлөлд ахлах зөвлөх, 2019-2022 онд Токио Олимп Санд менежерээр тус тус ажиллаж иржээ. Мөн 2009-2022 онд Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, 2015 оноос Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Мастеруудын Холбооны Ерөнхийлөгч, ХЗДХ Яамны Ахмадын Хорооны Удирдах Зөвлөлийн даргын сонгуульт ажлыг хийж байлаа.
Б.Өнөбаатар нь өөрийн эзэмшсэн хуульч мэргэжлээрээ улс нийгэм, төрийн байгууллагуудад 38 жил чин сэтгэлээрээ уйгагүй хөдөлмөрлөж ирснийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат Хуульч” цол, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиуд, Нийслэл, орон нутгийн хүндэт тэмдэг, олон нийтийн байгууллагуудын ойн медалиар шагнагдаж байжээ.
Талийгаачийн хөдөлмөрч, энэрэнгүй, хүнд тусархуу, эелдэг даруу, ухаалаг уян зөөлөн, нягт нямбай зан чанар, гэгээн дүр төрх, үйл хэрэг нь бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай