Бүгд найрамдахчуудын гуравны нэг нь дуучин Тэйлор Свифтийг Жо Байдены сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг гэдэгт итгэж байгаа гэх судалгааг CNN тэргүүтэй агентлагууд онцолжээ. Үүнийг Америкчууд сонгуулийн “хуйвалдааны онол” ч гэж нэрлээд эхэлсэн байна.
Тодруулбал, дуучин бүсгүй өнгөрсөн оны сүүлээс эхлэн “Kansas City Chiefs” багийн тоглогч Травис Келситэй болзож эхэлсэн. Тус баг өнгөрсөн ням гарагт “Супер Боул”-д ялалт байгуулснаар хосуудын харилцаа, тэдний зураг нийгмийн сүлжээний онцлох сэдэв болсон. Үүгээр дамжуулан нийгмийн сэтгэл зүйг чиглүүлж байна гэж бүгд найрамдахчууд үзэж байгаа аж.
Тэйлор Свифтийн хувьд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденыг дэмжиж буйгаа, түүнийг дэмжихийг нээлттэй илэрхийлсээр ирсэн нэгэн. Өөрөөр хэлбэл, дуучин бүсгүй ардчилсан намыг дэмждэг гэдгээ нуудаггүй. Харин үүнээс өөрөөр дээрх “хуйвалдааны онолыг” баталсан зүйл байхгүй гэдгийг хэвлэлүүд онцолж буй.
Тэйлор Свифт өнгөрсөн онд “Эрас” аялан тоглолтоо эхлүүлж, урлагийн салбарт өөрөөрөө хөрөнгөжсөн тэрбумтан болсон. Үүгээр зогсохгүй, “Тайм” сэтгүүлээс түүнийг 2023 оны онцлох хүн гэж нэрлэсэн. Карьерынхаа оргилд явж буй түүнийг дагаад сонгуультай холбоотой “дэмий” ярианууд эхэллээ ч гэж ардчилсан намыг дэмжигчдээс үзэж байгаа аж.