Увс аймаг, Тариалан сум Бургастай багийн "Шар бүрдийн хөдөө" гэдэг газар суудлын автомашинууд цасанд суусан тухай дуудлага өчигдөр (2024.02.14) 19:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход нийт 47 зорчигчтой, 14 суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан байна.
Мөн Өвөрхангай аймаг, Хужирт сум Бэрх багийн "Шавар түрүүний гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 115 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Тоёота пробокс” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан байна.
Эх сурвалж: ОБЕГ