“Юнивишн” компани Монголд анх удаа хортой, электрон хог хаягдлыг дахин ашиглах аргыг амжилттай нэвтрүүлжээ. Тус компани олон жил ашигласан хуучин төхөөрөмжүүдээ иргэдээс буцаан татаж, “Эко вэйст”, “Хэв хашмал” компаниудтай хамтран электрон хаягдлыг дахин боловсруулж эхэлсэн байна.
Иймд хэрэв та хуучин төхөөрөмжөө хаях гэж байсан бол түр азнаарай. Хог биш түүхий эдийг хаяж болохгүй!
Танай гэрт хөглөрч буй хуучин удирдлага, төхөөрөмжийн гаднах хуванцар хэсгийг “Хэв хашмал” компани, доторх эх хавтанг “Эко вэйст” компани тус тусдаа дахин боловсруулна. “Эко вэйст” компани эх хавтанг салгаж аваад электрон барааны завсарт ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.
ЭЛЕКТРОН ХАЯГДЛАА ХААНА ӨГӨХ ВЭ?
Та өөрт ойр байрлах Юнителийн салбаруудад хуучин, хэрэглэхээ больсон төхөөрөмжүүдээ үлдээж болно. Мөн “Юнивишн”-ий суурилуулалтын ажилтан танай гэрт шинэ төхөөрөмж байрлуулахаар ирэхэд хуучнаа өгөөрэй.
Энэ нь таны байгалиа хамгаалах, хог хаягдлыг бууруулахад оруулж буй томоохон хувь нэмэр юм шүү. Эхний ээлжид хуванцар, дараа нь шил гэх мэтээр бид хог хаягдлаа ангилан ялгах дадал хэвшилтэй болоход “Юнивишн”-ий санаачилга нөлөөлөх нь гарцаагүй.
ЭЛЕКТРОН ХОГ ХАЯГДЛЫГ ХЭРХЭН ДАХИН БОЛОВСРУУЛДАГ ВЭ?
1. Цуглуулсан түүхий эдийг дахин боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэнэ.
2. Цэвэрлэнэ. Бид зурагтын удирдлагынхаа ар талд наалддаг тууз наасан байх нь элбэг. Электрон хог хаягдлыг цэвэрлэх нь хамгийн эхний алхам юм.
3. Ангилан ялгана.
4. Задалж, гадна хэсгээс доторх эх хавтанг салгана. Энэ нь гар ажиллагаатай тул ихээхэн цаг зарцуулдаг байна.
5. Дахин боловсруулна.
Юнител группийн ESG хариуцсан менежер Г.Ану “Технологийн хөгжлийг дагаад бидний хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүд хуучирч хаягддаг. Юнител групп “Юнивишин”-ий бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх явцад хэрэглэдэг тоног төхөөрөмжийг хог болон хаяхаас сэргийлэх ажлыг эхэллээ. Хэрэглэгчдийн гар дээрх электрон хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулах вэ гэсэн асуултаас энэ төсөл эхэлсэн. Олон талын хамтын хүчин зүтгэлийн үр дүнд төсөл хэрэгжиж эхэллээ.”
"Хэв хашмал хуванцар" компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Хүдэрбаатар “Бид энэ салбарт хөрөнгө оруулан ажиллаад ес дэх жилдээ ажиллаж байна. Бид эхнээсээ байгаль орчинд ээлтэй байх чиглэлийг барьсан. Энэ нь манай компанийн гол үнэт зүйл. Барилгын салбарт зулзаган модны хэрэглээг халсан нь манай компанийн бахархал. Бидний дараагийн алхам байгальд амархан задардаггүй хуванцрыг дахин боловсруулах байв. Арматурын тулаасыг Монголдоо япон, солонгос стандартаар үйлдвэрлэж эхэллээ.
Хуванцар бүр кодтой байдаг аж. Өөр өөр код бүхий хуванцрын хог хаягдлуудыг цуглуулан нэг стандартаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чанарт сөргөөр нөлөөтэй. Иймд "Хэв хашмал хуванцар" компанийнхан эхний ээлжид зөвхөн “Юнивишн” компанийн хуучин төхөөрөмжүүдийг дахин боловсруулж байна.
Дэлхийн хэмжээнд хүн амын өсөлт, технологийн дэвшилттэй холбоотой цахилгаан болон цахим хэрэгслийн үйлдвэрлэл жил бүр 2-3 хувиар өсдөг. 2016 онд 45 сая тонн цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал үүсжээ.
Харин 2021 онд 52 сая тоннд хүрснээр нэг хүнд 6.8 кг цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал ногдоно гэсэн судалгаа бий. Үүний багахан буюу 20 орчим хувийг л дахин боловсруулж байна.
Манай оронд 2013 онд явуулсан шинэ, удаан задардаг органик бохирдуулагч, үйлдвэрийн химийн бодисын улсын нэгдсэн тооллогын тайланд дурдсанаар 2012 онд 26170 тонн цахилгаан болон цахим хэрэгслийг импортолжээ. Үүний 7 439,6 тонн буюу 751 480 ширхэг нь компьютер, 61 тонн буюу 611659 ширхэг нь гар утас байжээ.
ЭЛЕКТРОН ХАЯГДАЛ ЯАГААД АЮУЛТАЙ ВЭ?
Энэ төрлийн хог хаягдал зэс, алт, мөнгө, палладий, хөнгөн цагаан, төмөр зэрэг газрын ховор элемент агуулдаг. Эдгээр нь ховор, үнэ цэнтэй нөөц гэдийг та хэлүүлэлтгүй сайн мэднэ. Эдгээрийг хог болохоос сэргийлэх ажлыг “Эко вэйст” компани хийх талаар дурдсан.
Гэхдээ электрон хаягдал хар тугалга, мөнгөн ус, бериллий, талли, кадми гэх мэт хүний эрүүл мэндэд ихээхэн хортой бодисуудыг ч агуулдаг. Иймд гаргаж хаялгүй, зориулалтын газарт нь өгөх нь их чухал.
“Мөнгөн ус, хар тугалга зэрэг химийн хортой бодис нь хэдэн зууны турш байгальд задрахгүйгээр хөрс, усанд шингэдэг учраас бусад хаягдалтай адил газар булж хэрхэвч болохгүй. Бидний нэрлэж заншсанаар хуруу зай гэхэд дангаараа дөрвөн метр квадрат талбайг хордуулж, 800 мянган литр ус бохирдуулах чадалтай” гэж ХААН банк, Unread-ийн хамтран бэлтгэсэн “Тогтвортой хөгжил 2030” цахим товхимолд дурджээ.
Монгол улсад жилдээ 1.5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг.
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой тул бусад улсуудад электрон хог хаягдлыг дахин боловсруулах, хаягдлын хэмжээг бууруулахад анхаарч байна. Жишээ нь Австрид цахилгаан хэрэгслээ засуулсан иргэдэд 200 доллар олгодог талаар ВВС мэдээлжээ. Засгийн газрын энэ шийдвэрийн дараа иргэд угаалгын машин, компьютер, гар утсаа хаяхын оронд засуулах болсон байна.
Учир нь тэд зардлынхаа талыг л төлнө. Засварчид ч энэ шийдвэрт баяртай байна, тэдний орлого хоёр дахин өсжээ. Австрийн нийслэл Вена хотод хуучин хувцас, дугуй, тавилгаа засуулах иргэдэд ч нөхөн төлбөр олгодог системийг хэдийнэ бүрдүүлжээ.
Монгол улсад жилдээ 1.5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал аж. Ямартаа ч “Юнивишн” компани байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилгоор, эдийн засгийн үр ашиггүй төсөл болох электрон хог хаягдлыг эцсийн бүтээгдэхүүн болгох санаачилгаа ажил хэрэг болгов.
Хэрэглэгч та бүхэн хуучин төхөөрөмжүүдээ хаях биш тушаах л үдлээ.