Тикток хэрэглэгчид Тэйлор Свифт, Биллий Эйлиш, Жастин Биебер тэргүүтэй олон алдартай уран бүтээлчдийн дууг бичлэгтээ ашиглах боломжгүй боллоо. Энэ нь тус платформын толгой компани болох ByteDance болон Universal Music Group-ийн хооронд хийгдсэн гэрээнээс болсон аж.
Тодруулбал, талууд гэрээг сунгах тохиролцоонд хүрч чадаагүй буюу харилцан ашигтай гэрээний нөхцөлийг үүсгэж чадаагүйн улмаас ийнхүү хамтын ажиллагаагаа дуусгахад хүрсэн байна. Дуунуудыг татан буулгах явц өнгөрсөн долоо хоногоос хойш эхэлсэн байгаа бөгөөд бүх дуунуудыг татан буулгахад тодорхой хугацаа шаардах төлөвтэй байна. Universal Music Group нь 6700 гаруй уран бүтээлчтэй хамтран ажилладаг, томоохон компани юм. Сүүлийн жилүүдэд уран бүтээлчид тиктокыг ашиглан өөрсдийн дуу хөгжмийг сурталчлах нь түгээмэл болоод буй. Ийм цаг үед дээрх шийдвэр гарсан нь олон уран бүтээлчдийн хувьд хохиролтой гэдгийг олон нийт нийгмийн сүлжээнд хуваалцаж байна.