Олон улсын шүүхээс Израилыг геноцид үйлдсэн эсэхтэй холбоотой шүүх хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Израил улс нь Газын зурвас дахь Палестинчуудын эсрэг геноцид үйлдэж байгаа гэх хэрэгт Өмнөд Африк улсын гаргасан өргөдлийн дагуу татагдаад буй. Харин олон улсын шүүх эхний байдлаар Израил улсыг геноцидын тухай конвенцыг зөрчсөн гэж үзсэнгүй. Харин геноцидын шинжтэй аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх, мөн Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулахад хичээл зүтгэх гаргахыг Израил улсад үүрэг болгосон байна. Нэг сарын дараа ийнхүү Израил улс шийдвэртэй холбогдох ямар арга хэмжээ авснаа тайлагнах үүрэг хүлээжээ. НҮБ-аас Геноцидийн конвенцыг Дэлхий 2-р дайны дараа баталж байсан. Уг конвенцын хүрээнд геноцид гэдэг нь “үндэстэн, угсаатан, арьс өнгө, шашны бүлгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устгах зорилгоор үйлдсэн үйлдэл” гэж тодорхойлсон байдаг. Израил улсын удирдлагууд геноцидын хэрэгт сэжиглэгдэж буйгаа байж боломгүй зүйл хэмээн хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Мөн барьцааны хүмүүсийг суллаж, Хамас бүлэглэлийг устгах хүртэл Газын зурваст гал зогсоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Олон улсын шүүх Израилд гал зогсоох шаардлага тавьсангүй. Хэрвээ гал зогсоохыг шаардсан бол энэ нь Хамас бүлэглэлд хүч, нөөцөө сэлбэх боломж болно гэж Израилын ерөнхий сайд биньямин Нетаньяаху шүүх хуралдааны шийдвэр гарахын өмнөхөн мэдэгдэж байсан юм. Мөн Олон улсын шүүх Хамас бүлэглэлийн барьцаанд зуу гаруй хоног хоригдож буй барьцааны хүмүүсийг нэн даруй суллахыг тус бүлэглэлээс шаардсан. Гэхдээ Хамас бүлэглэл олон улсын шүүхийн шийдвэрийг төдийлөн ач холбогдолтой гэж үзэхгүй гэж шинжээчид харж байна.