Францын алдарт Луврын музейд байрлах Леонардо Да Винчигийн “Мона Лиза” уран зураг руу тэмцэгч нар шөл цацсан хэрэг гарлаа. 16-р зууны алдарт уран зургийн урд шилэн хаалт байдаг тул зураг гэмтээгүйг музейн албаныхан мэдээлсэн юм. Энэ хэргийг үйлдсэн хоёр эмэгтэй “Хүнсний эсрэг довтолгоон” гэх бүлгэмийг төлөөлж байж болзошгүй байгаа ба тус бүлгэм энэ хэргийн хариуцлагыг өөртөө хүлээсэн байна.
Уг бүлгэм нь тогтвортой хүнс, хоолны төлөөх кампанит ажлын эхлэл нь энэ болж буйг AFP агентлагт хэлжээ. Шөл шидсэн эмэгтэйчүүд “Уран зураг эсвэл тогтвортой, хангалуун хоол, хүнсний аль нь чухал вэ?” гэж хашхичиж байсан нь бичлэгт үлдсэн байгаа юм. Энэ хэргийн талаар Францын соёлын сайд “Ямар ч шалтгаан уран зураг руу халдах аливаа үйлдлийг зөвтгөхгүй” гэж байр сууриа илэрхийлээд буй. Францын соёлын сайд Рачида Дати “Соёлын өв нь бидний үр хойчид үлдэх ёстой” гэж X хуудаснаа нийтэлжээ.
Парис хотноо сүүлийн өдрүүдэд шатахууны үнийн өсөлтийг зогсоож, зохицуулалтыг хялбарчлахыг шаардсан тариаланчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Баасан гарагт Парис хот руу орж, гарах гол замыг хаасан. Мона Лиза зураг руу 1950-иад оны эхэн үед нэгэн этгээд хүчил асгаснаас хойш хамгаалалтын шилний ард байгаа юм.