Бид энэ удаа Шар гэгээ УСК-ны дуу, хөгжим бүтсэн түүхийн талаар зохиогчидтой ярилцлаа. Тайлбарлахад үг дутаж, мэдрэмж нийлэх уг бүтээл нь амьтай шүлэг, сүнтэй аялгууны нийлэмжээр нийт сонсогчдын сэтгэлийг аргадан мэндэлжээ.
"Өнгөө хэлдэггүй хавар намар
Өвөл зуныхаа аашаар юм даа
Өөрөөсөө олоогүй хүний сэтгэл
Өргөн хорвоогийн жамаар юм даа
Алтраад байгаа шар гэгээ
Алаг газрын хаяаг аргадна даа
Ээ хүний заяанд
Энэрэлийн хяруу хайлах юм даа…"
“Шар кино” жүжгийг Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Ш.Гүрбазар 20 гаруй жилийн өмнө бүтээж байж. Ингээд саяхан найрууд Б.Батдэлгэр кино зохиол болгон, үзэгч олны хүртээл болгосон. Тэгвэл эх зохиолын талаар зохиолч Ш.Гүрбазартай цөөн хором ярилцлаа.
ЭС БОЛОХЫГ ОЙЛГОЖ, ЦААД ТАЛЫГ НЬ ХАРАХААС ЭНЭРЭХҮЙ ЭХЭЛНЭ
Тэрээр, Шар гэгээ жүжгийг одоогоос 20 гаруй жилийн өмнө зохиосон. Тайзан дээр хоёр ч удаа тавьж байлаа. Тэндээс уран бүтээлчид надад хандаад, таны бүтээлээр кино хийе гээд л УСК болсон. Сайхан бүтээл болсон байна билээ. Энэ дээр нэг онцлог нь юу гэвэл шилдэг хөгжмийн зохиолч шагнал авсан. Манай Б.Санчир үнэнхүү авьяастай. Зохиолын дотоод мөн чанарт нь хэвтэрч, нотнууд нь киноныхоо хөгөөс ургасан юм шиг. Их сайн зөв, зохиох гэж зохиогоогүй юм шиг, тэр үйл явдал дотроос өрнөсөн аялгуу юм шигээр хөгжим бичсэн. Миний хэлдэг үг бий л дээ. Зохиох гэж зохиож, тоглох гэж толгож болдоггүй юм аа гээд. Яах вэ энэр, энэрэхүйн мэдрэмжийн тухай л юм. Би Бодь гөрөөсний зүүд гээд роман бичиж байсан. Энэ чиглэлийн мэдрэмж надад их олон байдаг. Эцэг эх байхын зовлон бүх л ертөнц юм аа гэх санааг би боддог хүн. Гол нь үүнээс эргээд харахаар, бид эр хүнийг хаана аваачиж тавьдаг юм бэ. Хүн хүнээ хаана энэрэхүй, сайхан сэтгэлээр босгож ирдэг юм бэ гэдэг таашгүй зүйл. Энэрэхүй гэдгийг ямар ухаанаар яаж түшиж ирсэн юм бэ. Эс болохыг зөвшөөрөхийг л хэлдэг юм шүү дээ. Бид өнөөдөр тэр байтугай болж байгаа юмыг ч зөвшөөрч чадахгүй байгаа шүү дээ. Эс болохыг ойлгоод цаадахыг нь харж бодож чадах нь байтугай автобус буруу явчихлаа гэж хэрэлдээд байна. Энэрэхүй тиймэрхүү хэмжээний сэтгэмж дор явдаг. Энэ нь өөрөө ертөнцийн юмны тухай бодоход хүргэж байгаа юм” хэмээн ярилаа.
ЭХ ОРОН МИНЬ ЗӨВХӨН ДУУ, ШҮЛГЭНД Л ҮЛДЭХ ВИЙ ГЭЖ ЭМЗЭГЛЭДЭГ
Эх орноо хайрлах сэдлийг ирээдүй хойчдоо бүтээлээрээ мөнхөлсөн түүнээс эх орноо хайрлах гэж чухам юуг хэлдэг тухай асуусан юм.
-Таны үе болоод танаас дээд үеийн яруу найрагчдын шүлгээс эх орноо гэсэн сэтгэл хүчтэй мэдрэгддэг. Яруу найраг эх орноо хайрлахаас эхэлдэг үү. Эсвэл оргил нь эх орноо хайрлах юм уу? Та юу гэж боддог вэ? Ер нь эх орноо хайрлана гэж яахыг хэлдэг вэ?
-Ерөөсөө цусанд нь байдаг юм.
-Эх орон гэхээр хоосон хирнээ дүүрэн ч юм шиг. Хайрална гэхээр юуг, яаж хайрлах юм бол гэж бодогдоод байх юм.
-Яаж авч үзэхээс болно. Байх эсэхийн тухай бодож эмзэглэдэг зүйл надад бий. Одоо нэг 60 жилийн дараа яах бол. Зүгээр дуунд үлдчихвэл яана. Шүлгэнд үлдчихвэл яана.
ЗОХИОГЧИД БОЛОВСРОЛ ГЭХЭЭС ИЛҮҮ АМЬДРАЛ ҮЗСЭН БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ…
Бид үргэлжлүүлэн Шар гэгээ УСК-ны хөгжмийг бүтээж, дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Б.Санчиртай ярилцсан юм.
Тэрээр, “Гүрээ ахын шүлгийг, дууны болгож найруулагчтайгаа янзлаад, дуугаа хийсэн. Шүлэг өөрөө маш их эмзэглэлтэй. Гүрээ ах бол Монголын хүн шүү дээ. Түүний үзэж туулсан амьдралд маш их эрээнтэй бараантай зүйл байгаа учраас бичсэн шүлэг нь өөрөө их амьтай, сүнстэй. Надаас адилхан агаар шаардсан шүлэг байсан. Анх шүлэг нь ирээд л дуу бүтсэн.
Зохиолын урлагийг хийж буй хүмүүс өөрсдөө боловсрол эзэмшихээс илүү амьдралыг үзэж, ойлгодог байх хэрэгтэй. Баян, ядуу байж үзсэн. Хагацаж салсан гээд янз бүрийн зүйл үзсэн байх хэрэгтэй юм шиг надад бодогддог. Тэгж байж илүү сайн зохиол гаргадаг. Би Гүрээ ахтай хамтрах их дуртай. Данхалзаад янз бүрийн хүний юмыг их голно оо. Гүрээ ахын шүлгэнд ая зохиох их дуртай. Яагаад гэвэл үг өгүүлбэр нь өөрөө аяа дагуулаад явж байдаг. Тэр дуун дээр жишээ нь,
“…Алтраад байгаа шар гэгээ
Алга газрыг аргадна даа
Ээ хүний заяа…” гээд л ерөөсөө л амьдрал өгүүлчихсэн. Шүлгэн дээрээ дуугаа бичихдээ дагаад л уйлна. Өөрийнхөө алдаж эндсэн цаг хугацааг бодно. Тэгж байж бүтээл төрсөн. Хагас галзуу хүн шиг өнгөрөөсөн нэг сарын хугацаа байсан юм” хэмээн ярилаа.