Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их монгол, Дүнжингарав худалдааны төвийн автозамын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдэж байна гэх дуудлагыг нэгдүгээр сарын 24-ний 01.06 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус дуудлагаар нийт 11 анги салбарын 200 гаруй албан хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр галын голомтын тархалтыг зогсоох, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг арилгах арга хэмжээ зохион байгуулж ажиллажээ. Энэ талаар ОБЕГ-аас мэдээллээ.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Эдү апартмент хотхоны 205 дугаар байр, Глобал интернейшнл сургууль болон Sunny Town хотхонд галын голомт дэлгэрсэн.
Галд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Эдү апартментад байрлаж байсан 30 иргэн, үүнээс 23 том хүн, 17 хүүхдийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах зочид буудалд нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангасан.
Урьдчилсан байдлаар тухайн түймэрт гурван албан хаагч нас барсан. Мөн түлэнхийн төвд 10 хүн, цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт нэг, ЭХҮМҮТ-д гурван хүүхэд хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд байгалийн шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа хөдөлгөөний зай анзаарахгүйгээр давхар хий эргэлт хийж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкост их хэмжээний галын шатлага үүсэж, дэлбэрэлт үүссэн байна. Дэлбэрэлтийн улмаас Онгой байдлын байгууллагын Баянзүрх дүүрэг дэх 63 дугаар ангийн гурван албан хаагч осолд өртөж, 40 метрийн зайд шидэгдсэн ёмкост өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдын ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.