АНУ-ын засгийн газар Хутичуудын зэвсэгт бүлэглэлийг террорист бүлэглэл хэмээн бүртгэсэн талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Керби мэдэгдлээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Израил руу чиглэж буй далайн тээврийг зогсоохоор Хутичуудын зэвсэгт бүлэглэл Улаан тэнгисээр явж буй хөлгүүд рүү халдаж байгаа юм. Үүнийг зогсоох, үүсэж болох үр хохирлоос сэргийлэх ажлын хүрээнд АНУ-ын засгийн газар Хутичуудын бүлэглэлийг террорист бүлэглэл хэмээн үзэж, зохих хариу арга хэмжээнүүдийг авахаар болж буй нь энэ аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр Жон Керби Хутичуудын Улаан тэнгис дэх халдлага нь олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэрэг хэмээж, терроризмын тод жишээ гэсэн юм.
Мөн Хутичуудын халдлагын улмаас олон улсын худалдаа арилжаа болон зохих газруудад хүргэх ёстой байсан хүмүүнлэгийн тусламжууд саатаж байгааг онцолж байлаа.
Хэдийгээр ийнхүү АНУ-аас сөрөг арга хэмжээнүүдийг авч байгаа ч Хутичууд халдлагуудаа зогсоох бодолгүй байгаа аж. Энэ талаар Хутичуудын хэвлэлийн төлөөлөгч “Газын зурваст амь үрэгдэж буй Палестинчуудын төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ” гэсэн байна.