Өнгөрсөн онд улс даяар 4206 тэмбүү өвчний шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2022 онд бүртгэгдсэн 4052 тохиолдолтой харьцуулахад буураагүй үзэгдэл юм. Гурав гаруй сая хүн амтай манай улсын хувьд энэ тоо маш өндөр гэсэн үг. Бид энэ талаар эмэгтэйчүүдийн их эмч Х.Дариймаагаас тодрууллаа.
Манай улсын хувьд БЗХӨ-ний тохиолдол хэр их ажиглагдаж байна вэ?
Ер нь сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдвар маш их болсон. Ялангуяа тэмбүүний халдвар бол хавтгай болсон. Өдөрт эмнэлэгт ирж үзүүлж байгаа арван хүний бараг гурав, дөрөвт нь тэмбүү илэрч байна. Тэгээд дандаа нөхөн үржихүйн насны хүмүүст илэрч байгаа. Ид төрөх насны эмэгтэйчүүдэд ихээр илэрч байгаа гэсэн үг. Нэг үе бас харьцангуй гайгүй байсан. Одоо бол тэмбүү бүр замбараагүй болчихсон.
Шалтгаан нь юу байна? Яаж шийдвэрлэх боломжтой гэж та бодож байна вэ?
Манай эмнэлэг дээр хүүхдүүд, оюутан охид ирээд үзүүлж байна. Дан бэлгийн замын халдвартай байна. Тэдэнтэй ярилцаад үзэхэд ерөөсөө өөрийгөө яаж хамгаалахаа мэддэггүй. Ямар ч мэдлэг байхгүй. Боловсрол ерөөсөө байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрол муугаасаа болоод ийм эрсдэлд орж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнийг бид нар тэмбүү өвчнөөс, бэлгийн замын халдвараасаа салъя гэвэл Монгол улс үндэсний хэмжээнд бодлого боловсруулах хэрэгтэй. Бүр яадаг юм, хар багаас нь заах хэрэгтэй байхгүй юу. Сургуульд эрүүл мэндийн хичээл оруулах хэрэгтэй. Хичээл сонсоод, сураад өссөн хүмүүс өөрсдийгөө хамгаалж чадна. Юу ч мэдэхгүй явж байгаа хүмүүс бол мэдэхгүй. Тэмбүү дээр бол маш их эмзэглэж байгаа. Бусад халдварууд ч зөндөө байна.
Тэгвэл БЗХӨ-г бууруулах арга замын талаарх сонирхолтой судалгаа байдаг талаар Японы Нагояа их сургуулийг төгссөн, хууль зүйн ухааны доктор М.Мөнхнаран өгүүлсэн юм. Түүний хэлснээр биеэ үнэлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн орнуудад энэ төрлийн халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс буурсан үзэгдэл гарч байсан байна.
Биеэ үнэлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх нь яагаад бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах боломжтой вэ?
Турк улсын хувьд бүр жаран хэдэн онд анх Ататүрк хэмээх удирдагч байх үед бэлгийн замын өвчин болоод охид эмэгтэйчүүдийн хүчингийн гэмт хэрэг маш их гарсан байдаг. Түүнийг буулгах гээд нэг их урт нэртэй хууль баталсан. Бэлгийн замын өвчнийг багасгах, хүчингийн гэмт хэргийг багасгах тухай хууль гээд. Уг хууль нь одоо хүртэл үйлчилдэг. Энэхүү хуулийг дагаад, уг хууль дээр үндэслээд биеэ үнэлэлтийн газар нээсэн. Тэр газар нээгдсэнээс хойш бэлгийн замын өвчин маш ихээр буурсан. Гол нь уг газрын давуу тал нь юу байсан бэ гэхээр тэнд очоод үйлчлүүлэхээр заавал бэлгэвч хэрэглэх дүрэмтэй. Бусад хүлээн зөвшөөрсөн орнуудад ч гэсэн тийм байдаг. Жишээ нь Шинэ Зеландад гэртээ биеэ үнэлсэн ч гэсэн та заавал бэлгэвч хэрэглэнэ, энэ нь таны үүрэг. Бэлгэвч хэрэглэж байгаа ч гэсэн эрсдэл байгаа шүү дээ. Эрсдэл байгаа учраас заавал очиж шинжилгээ өгөх зэрэг шаардлагуудыг тавьдаг. Үүнээс болоод бүрэн хуульчилсан, эсвэл Невада загвараар хагас хуульчилсан гээд аль ч тохиолдолд бэлгийн замын өвчин сайн буурдаг жишиг байгаа.
Дэлхийн өөр орнуудад биеэ үнэлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх явдал хэр их байдаг вэ?
Хүний эрхийн мэдрэмж хэр хөгжсөнөөсөө хамаараад улс орон бүр янз бүр байгаа. Манай улс, Хятад, Пакистан зэрэг буурай эсвэл чанга хуультай орнуудад бүрэн хориглодог. Зарим оронд хагас хяналт тавьдаг. Бүрэн хүлээн зөвшөөрсөн орнууд ч байна.
Биеэ үнэлэлтийг хуульчлах нь өөр ямар давуу талтай вэ?
Нэгдүгээрт, хүний бэлгийн эрх, эрх чөлөө яригдана. Тухайн биеэ үнэлж буй эмэгтэйн өөрийнхөө биеийг яаж ашиглахаа шийдэх эрх, цаашлаад үйлчлүүлж буй хүний бэлгийн эрх яригдаж байгаа юм. Одоо манайд бол сурвалжлагч дайрч ороод л та яаж байгаа юм гэж загнаад биеэ үнэлэгчдийн зураг дүрсийг нь аваад эхэлдэг. Хүний эрхийг ноцтой зөрчиж буй л асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл ямар нэгэн асуудлаар найз охин, эхнэртэй болдоггүй хүн бэлгийн хэрэгцээгээ хангах боломжийг нь хааж байгаа хэрэг. Мөн биеэ үнэлэлтийг хуульчилсан орнуудад хүчингийн гэмт хэрэг буурах хандлагатай байна. Бүр биеэ үнэлэлт ч буурдаг гэж ярьдаг. Учир юу вэ гэвэл хууль бус байгаа нөхцөлд биеэ үнэлэлтийн зах зээлд орж гарах нь амархан байгаа юм. Харин хуульчлаад заавал бүртгэлжүүлэх шаардлагатай болчихоор гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүс нь мэдэх нь гарцаагүй болдог учраас биеэ үнэлэлт буурдаг байна.