“Шимэгч” киногоороо олон улсад танигдсан БНСУ-ын жүжигчин И Сун Кюн хар тамхины хэрэгт холбогдож, амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тус киноны найруулагч Бон Жүн Хо тэргүүтэй уран бүтээлчид түүний хэргийг шалгахыг уриалж байна.
БНСУ-ын 29 соёл, урлагийн байгууллагаас бүрдсэн шинэхэн нэгдэл мягмар гарагт хамтарсан мэдэгдэл гаргасан. Тэд эрх баригчид болон хэвлэл мэдээллийнхнийг ирээдүйд дахин ийм зүйл болохоос сэргийлж, ажиллахыг уриалсан юм. Тодруулбал, тус мэдэгдэлд “Жүжигчин И Сун Кюнд тохиолдсон шиг эмгэнэлтэй зүйл дахиж болох ёсгүй.
Бид мөрдөн байцаагчдыг энэ хэргийг сайн шалгахыг, хэвлэл мэдээллийнхнийг ёс суртахуунд үл нийцсэн, хүнлэг бус, худал мэдээллүүдээ устгахыг, эрх баригчдыг урлагийнхны эрхийг хамгаалахад чиглэсэн хуулиа шинэчлэхийг хүсэж байна” гэжээ. Энэ нэгдэл мөн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр товлосон байна. 48 настай байсан жүжигчин И Сун Кюн өнгөрсөн 10-р сараас эхлэн хар тамхины хэрэгт холбогдож, шалгуулж байсан юм.
Түүний шинжилгээний хариунууд сөрөг гарсан төдийгүй жүжигчин эр өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдүүлж байсан. И Сун Кюн 12-р сарын сүүлээр нас барсан тул түүний хэргийг хаасан юм.