Эквадорын шоронд хоригдож байсан хар тамхины томоохон бүлэглэлийн толгойлогч алга болж, тус улсад энэ долоо хоногийн эхээр 60 хоногийн онц байдал зарлаад буй.
Онц байдал зарласнаас хойш Эквадорын TC телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр зэвсэгт этгээдүүд дайрч орсон гэх мэт гэмт хэргүүд мөн гарч, олон нийтийг сандаргасан юм. Одоогоор Эквадорын таван шоронд 130 шоронгийн ажилтан хоригдлуудын барьцаанд орсон байдалтай байна.
Эквадорын ерөнхийлөгч Даниэль Нобоа тус улсын гэмт бүлэглэлүүд хийгээд шоронд үүсээд буй нөхцөл байдал, үймээн самууныг дарах зорилгоор онц байдал зарласанаа мэдэгдсэн. Харин Эквадорын засгийн газраас эдгээр үймээн самууныг ерөнхийлөгч Даниэль Нобоагийн шинээр танилцуулсан төлөвлөгөөтэй холбоотой гэж үзэж байна. Тодруулбал, Эквадорын ерөнхийлөгч гэмт бүлэглэлийн толгойлогч нарыг хорихоор өндөр хамгаалалттай шинэ шорон барих төлөвлөгөөний талаар дурдаж байжээ.
Түүнчлэн хоригдлуудын тоог цөөлөхийн тулд гадаад хоригдлуудыг, тэр дундаа Колумбын хоригдлуудыг албадан гаргана гэсэн юм. Данинль Нобоа улсад нь “дотоод зэвсэгт мөргөлдөөн” үүссэн талаар өмнө нь хэлж байсан. Тус улсын засгийн газрын гишүүн “Энэ тэмцлээс болж их цус урсах байх аа. Гэхдээ сайн сайхан ирээдүйн төлөө үүнийг хийх хэрэгтэй, одоо хойш суух цаг байхгүй ээ” гэх тайлбар өгсөн юм. Эквапорын гэмт бүлэглэлийн толгойлогч нар засгийн газартайгаа тохиролцоо хийхийг хүссэн ч тийм зүйл болохгүй талаар эрх баригч нар хэлж байна. Эквадорт үүсээд буй нөхцөл байдлаас болж гудамж талбай хоосорч, эл хуль болсныг хэвлэлүүд нь мэдээлж байгаа юм.