2023 оны эцсийн байдлаар хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд 7.9 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляцын сарын үзүүлэлт 0.4 хувьтай гарсан нь өмнөх сараас үл ялиг эрчимжсэн үзүүлэлт болж байна. Инфляцын 7.9 хувийн 2.8 нэгж хувийг бензин түлшнээс бусад импортын барааны үнэ, 3.8 нэгж хувийг мах, хатуу түлшнээс бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнэ бүрдүүлжээ.
Сүүлийн гурван жилээр харьцуулахад импортын барааны нөлөө буурсаар 2023 оны эцсийн гүйцэтгэлээр 35 хувь буюу 7.9 нэгж хувийн 7.8 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
Хэрэглээний үнийн индексийг улсын хэмжээнд тооцохдоо 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдгаас 221 нь импортын бараа байгаа аж. Эдгээрийг бүлгээр нь тооцсон үзүүлэлтээс харахад хүнсний үнийн индекс хамгийн өндөр буюу 11.9 хувьтай, хүнсний бус үнийн индекс 6.3 хувьтай, барааных найман хувь, үйлчилгээнийх 7.6 хувийн өсөлттэй гарсан байна. 2022 оны эцэстэй харьцуулж харахад бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн хурд буурсан дүр зурагтай байгаа юм.
Хүнсний үнэ тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний үнийн индекс хамгийн их хувиар буюу 16.2 хувиар өссөн бол талх, гурил, будааны үнийн өсөлт саарчь оны эцэст 14.7 хувьтай гарчээ.
2023 оны эцэст Монголбанк инфляцыг нэг оронтой тоонд хүргэх зорилт дэвшүүлээд байгаа юм. Үүнээс гадна бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалаад байна. Цаашдын эрсдэлийн хувьд гадаад зах зээлээс хамааралтай үнийн өсөлт саарч, дотоод мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалахаар байгааг Төв банк онцолж байв.