Ерөнхийлөгч асан Х.Баттулга ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг татахыг шаардлаа.
Тэрээр, "Гадны хөрөнгө оруулалт гэж юу вэ гэхээр, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Японы Ерөнхий сайд Абэ Монголд ирэхэд "Өмнөговьд байдаг Тавантолгойд хөрөнгө оруулна" гээд санамж бичиг зурж байсан. Санамж бичиг зураад "Япончууд хөрөнгө оруулах юм байна" гэсний дараахан асар том довтлогоо болсон. Та бүхэн санаж байгаа бол Баянгол зочид буудал дээр очиж, над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт хийсэн. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Японы хөрөнгө оруулалтаа ингээд зогсоож байсан. Мөн Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг байх үед Тавантолгойд олон улсын консерциум орох шийдвэрийг больж, ганцхан шийдвэрээр БНХАУ-ын Шинхуа компанид өгөх болж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллага өөрсдөө үгүйсгэдэг. Иймээс энэ тал дээр эргэн анхаараач гэх саналтай байна.
100 мянган ам.долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд өнөөдөр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал бий болгосон цоорхой хууль болох нь” гэв.
Энэ үеэр сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг асууж, тодрууллаа.
-Та Ч.Хүрэлбаатар сайдтай хувийн хонзонтой юм уу?
-Бидний дунд хувийн асуудал байхгүй.
-Нүүрсний сонсголд яагаад оролцоогүй вэ?
-Ерөнхийлөгчид оффтейк гэрээ хийдэггүй юм. Төмөр замын асуудал бол Монголчуудын бахархал. Эдийн засгийг, говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого. Түүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг холбодож буруутгадаг.
-Сонгуульд нэр дэвших үү?
-Би бараг нэр дэвшихгүй.