2024 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Монголчууд бид сайхан мэдээтэй. Учир нь буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг ОУХМ Энхтайваны Даваахүү амжилттайгаар хүртсэнээр тэрээр "Парис 2024" олимпын наадмыг зорих эрхээ өвөртөлж байна. Яг эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10метрийн дасгалд спортын түүх сөхөөд үзье.
1987 онд МУГД Л.Ундралбат буудлагын дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцсоноор 1988 оны Сөүлийн олимпт оролцох эрхээ авч байлаа. Тэгвэл 30 гаруй жилийн дараа Токиогийн олимпт ОУХМ Э.Даваахүү мөн адил эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10метрийн дасгалд олимпын наадамд оролцох эрхээ өвөртөлж оролцож байсан.
Тэгвэл тэрээр энэ удаад хоёр дахь олимпоо зорихоор амжилттайгаар эрхээ ийнхүү өвөртлөөд байна. Түүний гэргий Г.Хэрлэнцэцэг, төрсөн ах Э.Бадамгарав нар нь мөн буудлага спортоор хичээллэдэг бөгөөд Индонезийн Жакартад Ази тивийн АШТ-д онч мэргэнээ сорьж байгаа юм. Ингээд Э.Даваахүүгийн төрсөн ах Э.Цэнд-Аюуштай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
Юуны өмнө баяр хүргэе. Монголын баг тамирчдын олимпыг зорих долоо дахь эрхийг танай төрсөн дүү ОУХМ, Э.Даваахүү амжилттай авлаа. Ази тивийн АШТ өрсөлдөөн ширүүхэн өрнөж байна?
ОУХМ Э.Даваахүүгийн ах Э.Цэнд-Аюуш
Энхтайваны Даваахүү гэж манай дүү байгаа. Олон улсын хэмжээний мастер. Тэгээд 2008 оноос хойш тасралтгүй яг буудлага спортоороо тэр дундаа эрэгтэй гар буугаар хичээллэж байна. Дэлхийн аваргын мөнгөн медаль авч байсан, Азийн наадмын алт, мөнгө, хүрэл авч байсан. Маш олон амжилтуудыг 2008 оноос хойш тасралтгүй гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын шигшээ багийн эрэгтэй гар бууны тамирчнаар ажиллаж байна. Тэгээд яг энэ цаг үед Азийн аварга болж байна. Даваа гарагт Азийн аваргын 10 метрийн гар бууныхаа төрөлд нийт 60 гаруй тамирчин байсан, наймаар финалдсан.
Наймаар финалдаад явцын дундаа нэг рүү орж ирсэн, тэгээд эргээд нэг, хоёр, гурав гэж явж байгаад тэгээд гуравдугаар байранд буюу хүрэл медаль авлаа. Хүрэл медалиа авахдаа олимпын эрх авсан. Сая Азийн аваргаар хоёр тамирчинд олимпын эрх буюу эхний хоёр тамирчинд олимпын эрх өгөх байсан. Тэгээд хоёр Энэтхэг тамирчин орсон. Маш олон тэрбум хүн амтай. Ингээд Энэтхэг улсын хоёр тамирчны нэг нь олимпын эрхээ авсан байсан учраас хоёр дахь тамирчин руу шилжээд тэгээд Э.Даваахүү маань авлаа. Бид маш их баяртай байна.
Буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ удаад танай гэр бүлийн хувьд нэлээдгүй онцлогтой болж байгаа байх?
ОУХМ Э.Даваахүүгийн ах Э.Цэнд-Аюуш
Энэ жилийн Азийн аварга маш онцлогтой байна. Учир нь яг миний доод талын эрэгтэй дүү Энхтайваны Бадамгарав гэж Даваахүүгийн төрсөн ах. Сая хамт буудсан. Хамт буудаад, Даваахүүг яг буудаж байхад нь ах нь яг ар талд нь нэг улсын нэг тамирчин буудаж байхад, ард нь дасгалжуулагч ахлаад гардаг.
Л.Ундралбат дасгалжуулагчид бид буудлагын холбоонд хүсэлт тавьж байгаад ахыг нь хамт талбайд гаргасан. Тэгээд ах дүү хоёр хамт талбайд гараад ах нь ард нь дасгалжуулаад, дүү нь буудаад олимпын эрхээ аваад, Азийн аваргын хүрэл медаль авлаа. Нөгөө нэг онцлог нь бол манай Даваахүүгийн гэр бүлийн хүн манай бэр Хэрлэнцэцэг бас бууддаг. Эмэгтэй гар бууны дасгалд бууддаг, маш амжилттай бууддаг ийм тамирчин. Жирэмсний амралттай байж байгаад, сая эргээд бэлтгэл хийж эхэлсэн. Өнөөдөр Ази тивийн АШТ-д манай дүү гэргийнхээ хамтраа "хосын төрөл"-д хамтдаа өрсөлдсөн нь сайхан байна.
2008 оноос хойш тасралтгүй буудлага спортоор хичээллэхдээ тууштай уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд хоёр дахь олимпоо зорих эрхтэй болж байна. Энэ бол Монголчуудын хувьд бахадмаар мэдээ байлаа?
ОУХМ Э.Даваахүүгийн төрсөн ах Э.Цэнд-Аюуш
Манай гэр бүл бол бүхэлдээ, зөвхөн манай гэр бүл биш, манай хамаатан садангууд, манай найз нөхдүүд, тэгээд холбооныхон гээд маш олон хүн манай гэр бүлийг дэмжиж байгаа учраас нэг талдаа, нөгөө талдаа бол яг энэ ах дүүсийн хувьд зөвхөн энэ буудлагын спортоор амжилт гаргахын төлөө Монголын нэрийг дэлхийд гаргахын төлөө гэр бүлээрээ хичээж байгаа.
Эрэгтэй гар буу бол манайд олимпын медаль түүхэндээ аваагүй байгаа. Буудлага спорт бол зөвхөн өөртэйгөө л өрсөлддөг. Хамт 100 тамирчин зэрэг буудаж байгаа боловч өөрөө өөрийнхөө онох хамгийн өндөр оноог л авах ёстой байдаг. Өөр тамирчидтай өрсөлдөх, өөр төрлийн тамирчид бол тухайн өрсөлдөж байгаа тамирчин магадгүй тэр өдөр жаахан сулхан байвал боломж гарч ирдэг. Буудлагад бол бүх л тамирчид үндсэн өндөр оноогоо л онохын төлөө зорьдог.
Мэдээж хэрэг спорт юм чинь Азийн наадам, олимп гэдэг бол "сэтгэлзүйн том өрсөлдөөн" байдаг. Тэгээд өөрөө өөртэйгөө өрсөлддөгөөрөө онцлог. Маш олон буудлагын тамирчид гарч ирж байна. Гэхдээ манай улсад буудлагын тамирчид маш цөөхөн байгаа. Энэтхэг улс бол жилд гурван сая буудлагын тамирчин бэлтгэдэг гэдэг. Тэр ч утгаараа сая Азийн аваргын алт, мөнгө хоёр хоёулаа Энэтхэгийн тамирчин байлаа. Тэгэхээр манай улстай тэнцэх хэмжээний их тамирчин жилд өрсөлддөг, хичээллэдэг. Тэндээс тэр шилдгүүд гарч ирдэг. Тэд нартай манай Монгол тамирчид өрсөлдөнө гэдэг бол нөгөө цэвэр авьяасын, цэвэр хөдөлмөрийн асуудал л даа.
Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.