Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэ оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхлээд байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн Үйл ажиллагааны орлого гэх ангилалд хамрагдах хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлж буй иргэн татварын хялбаршуулсан горим сонгож борлуулалтын 1.0 хувиар албан татвар төлөх боломж бүрдээд буй юм. Өмнө нь 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой иргэд татварын хялбаршуулсан горимоор татвараа төлж байсан бол энэ удаа лимит заагаагүй нь энэ юм.
Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаа "Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зургаан төрлийн орлого байна гэж заасан. Үүний нэг болох үйл ажиллагааны орлого гэх ангилалд татварын 1 хувь нь хамааралтай юм. Энэ нь зардлаа хасаад ашгаасаа 10 хувиар төлөх үү эсвэл нийт борлуулалтын орлогын дүнгээсээ 1 хувиар төлөх үү гэдэг сонголт бий болгож байна.
Түүнчлэн дуучид, онлайнаар цахим худалдаа эрхлэгчид бараа борлуулах тухай бүртээ төлбөрийн баримтыг олгох үүрэгтэй. Мөн үйл ажиллагааны орлого гэж тооцогдоно. Энэ дүнгээсээ сонголтоо хийгээд 1 хувиар төлөх үү, 10 хувиар төлөх үү гэдгийг сонгоод шийдэж болно. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилт болон иргэдийг дэмжих зорилготой юм" гэлээ.
НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ НЬ САЯХАН ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭД БУЙ ХУУЛЬТАЙ ХАРШИЖ БАЙНА
Бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийг татвараа төлөхөд хялбаршуулах үүднээс Татварын тухай хуульд өөрчлөлт оруулж борлуулалтын орлогын 1 хувийг төлөх санал болгож байгаа аж. Тэгвэл энэхүү хялбаршуулсан горим нь бизнес эрхлэгчдэд бодит байдал дээрээ дэмжлэг болохгүй байгаа талаар тэд хэлсэн юм. Учир нь 50 сая төгрөгөөс дээш борлуулалт хийсэн бизнес эрхлэгчид НӨАТ-ын албан татвар суутган төлөгч болж байгаа нь шинэ хуультай харшиж байгааг өгүүллээ.
Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Араажав "2024 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байгаа хуулиуд нь иргэдээ дэмжиж байгаа юм шиг болов ч өрөөсгөл тал бас байна. Борлуулалтын орлогынхоо нэг хувийн татвар төлнө гэдэг нь дэмжиж байгаа юм шиг харагдаж байгаа болов ч хуучин хууль адилхан үйлчилж байна. Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар борлуулалтын орлогын 1 хувийг татвар төлөх боломжтой болж байна. Гэтэл НӨАТ-ын албан татвараар 50 сая төгрөгөөс дээш борлуулалт хийсэн иргэд суутган төлөгч болох үүрэгтэй. Ийм тул ямар ч ялгаагүй харагдаж байна.
Зах худалдааны төвд худалдаа эрхэлж байгаа иргэд НӨАТ-ын албан татварыг үнийн өсөлтийн бодлоготой харьцуулж 300 сая төгрөгөөс дээш болговол бизнес эрхлэгчдээ дэмжсэн дэмжлэг болно хэмээн ярьж байна. Тэгээд хууль санаачилж батлахдаа иргэдэдээ мэдээ мэдээллийг сайн түгээхгүйгээс болж хор уршгийг нь мэдэхгүй дагаж мөрдөх асуудал гараад байна" гэв.
"ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД НЬ БҮГД ХЭЛБЭР"
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь “бай”-гаа оноогүй, худалдаа үйлчилгээ эрхлэгчдээ бодитоор дэмжиж чадахгүй байна хэмээн бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэллээ. Тэгвэл Татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд нь бүгд хэлбэр төдий, өмнө нь хэрэгжиж байсан зүйлүүдийг багахан өөрчилж баталсан талаар хуульч, эдийн засагч Ш.Отгонтуяа хэллээ. Тэрээр "Төсвийн тухай хуулийг дагалдаад Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, НӨАТ, ХХОАТ өөрчлөлт орсон. Өнгөцхөн харахад хэлбэр төдий л хууль гарчихаад байна. Бизнес эрхэлж байгаа иргэд чинь 50 сая хүрээгүй иргэд хялбаршуулсан горимын хүсэлт явуулах юм бол 1 хувийн татвараа төлж болдог байсан. Одоо үүнээс ялгагдахгүй юм болчихож байгаа юм.
Нөгөө хоёр хуулийн заалт нь төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хөдөө орон нутагт барилга барьж ашиглалтад оруулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар НӨАТ-өөс чөлөөлж байгаа юм. 90 хувь хүртэл чөлөөлөх заалт орсон байгаа. Мөн л байсан л заалт яагаад гэвэл 500 км алслагдсан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 хувь хөнгөлдөг. 1000 км цааш алслагдсан аймагт 90 хувиар хөнгөлдөг байсан. Мөн л ялгаагүй өмнөх хувилбараа хэлбэрийг нь өөрчлөөд гаргаад ирж байна" хэмээлээ.
Хуулийг батлахдаа олон шат дамжлага давдаг гэдгийг бид бүгд мэднэ. Харамсалтай нь бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийг татвараа төлөхөд хялбаршуулах зорилготой саяхан хэрэгжиж буй уг хууль нь үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна. Энэ нь хууль санаачлагчид хуулийг биелүүлэх үүрэгтэй субъектийн санал бодлыг сонсдоггүйтэй шууд холбоотой.