Осголт, хөлдөлт болон ахуйн түлэгдэлтийн дуудлага мэдээлэл ГССҮТ-д тасралтгүй ирж байна. Тэгвэл энэ талаар ГССҮТ-ийн салбар эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч Э.Алтаншагайтай ярилцлаа.
Яриагаа түлэгдэлтийн талаар эхлээд өрнүүлье. Түлэгдчихээд ирж байгаа хүмүүс голдуу ямар насныхан байна. Иргэд ямар нийтлэг алдаа гаргаж түлэгдээд байна вэ?
Хүүхдүүд амарч байгаа тул ахуйн түлэгдэлт ихсэж байна. Ингэхдээ зургаан сартайгаас 15 насны хүүхдүүд хамгийн их ахуйн түлэгдэлтэд өртөж байгаа юм. Аав ээжүүд ус буцалгагчтай усаа хүүхдээс холдуулахгүй, индүүгээ салгахгүй орхисон тохиолдолд дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд юмсыг сонирхон барьж авах гэж очоод гар, хөлөө түлж байна. Түүнчлэн машинаа асаах гэж байгаад гал алдаж байна. Мөн гал түлэх гэж оролдож байгаад нам даралтын зуухаа дэлбэлж байна. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, нам даралтын зууханд гал түлэхдээ бензин, газ ашиглаж буруу асаах гэж оролдсоны улмаас иргэд түлэгдэж байна. Хоногтоо 30-40 орчим хүмүүс түлэгдэлтийн шалтгаантай ирж байна.
Түлэгдсэн тохиолдолд иргэд "Гэрийн аргаар" эмчлэх гэж оролддог. Энэ талаар та эмч хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу ?
Ам дамжсан ярианууд их бий. Түлэгдсэн тохиолдолд саван, гутлын тос, гурил, сахар түрхдэг зэрэг яриа бий. Хэрхэвч эдгээрийг түрхэж болохгүй. Яагаад гэвэл, энэ нь шархийг улам хүндрүүлдэг. Гэтэл сахар, гурил түрхчхээд ирсэн тохиолдолтой өдөр бүр л таарч байна. Түрхсэн гурил сахрыг нь салгах гэж бөөн юм болдог. Түрхсэн зүйлийг нь салгахад маш их өвддөг. Үүний оронд хамгийн түрүүнд түлэгдсэн эрхтнийг нь урсгал хүйтэн усанд сойх хэрэгтэй. Энэ нь түлэгдсэн хүнд үзүүлэх хамгийн анхны түргэн тусламжийн үйлчилгээ. Өвчин намдаах эм өгөх хэрэгтэй. Хүүхдэд өвчин намдаах лаа хий. Арьсанд наалдахгүйгээр боож болох цэвэрхэн зүйл байвал боо. Дараа нь хамгийн ойрын эмнэлэгт ханд.
БАЯР ЁСЛОЛ ХАМТ ТЭМДЭГЛЭСЭН БОЛ НЭГНИЙГЭЭ ЗААВАЛ ГЭРТ НЬ ХҮРГЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Осголт, хөлдөлтийн шалтгаанаар ГССҮТ-д ирж буй үйлчлүүлэгч эрс нэмэгдлээ гэсэн. Сүүлийн үед яагаад огцом нэмэгдэх болов. Учир шалтгааныг нь хэрхэн харж байна ?
Баяр ёслол болж байгаатай холбогдуулан осгосон хөлдсөн дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Албан байгууллагын шинэ жил болоход хамт олон нь бие биенийгээ хүргэж өгөөгүйгээс болоод гарын 10 хуруу, хөл, чихээ хөлдөөсөн тохиолдол их гарч байна. Түүнчлэн тасраад гудамжинд хоносноос болоод осгож улмаар мөчдийн хөлдөлттэй болсон тохиолдол нэмэгдэж байна. Хоногтоо ойролцоогоор 5-10 осголт, хөлдөлтийн дуудлага ирж байна. Хамт баяр тэмдэглэж нэг нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бол гэрт нь хүргэж өгөх зайлшгүй шаардлагатай байна.
Асуулт. Осгосон иргэнд хамгийн түрүүнд ямар тусламж үзүүлэх вэ ?
Осгосон хүнийг хамгийн түрүүнд дулаацуулах хэрэгтэй. Хамгийн гол нь дулаахан газарт оруул. Дараа нь түргэн тусламжийг яаралтай дууд эсвэл хамгийн ойрхон эмнэлэгт хүргэ. Гэр аргаар эмчлэх гэж байгаа гээд осгосон хүнийг хүйтэн цасаар үрж болохгүй. Энэ тохиолдолд гар, хөлийг нь нэмж хөлдөөх эрсдэлтэй. Ерөөсөө хамгийн түрүүнд осгосон хүнийг дулаахан газарт оруулах хэрэгтэй. Тэгээд хамгийн ойрхон эмнэлгийн байгууллагад ханд.