Нийслэлийн оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг гэх дүн мэдээ бий. Ийнхүү түгжрэлд цагийг өнгөрөөхөөс ч өөр аргагүй. Учир нь 2012 онд нийслэлд 367.814 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2020 онд 615.622 болж найман жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Гэтэл сонирхолтой нь хотын авто замын нийт урт маш бага нэмэгдсэн байгаа юм. Тухайлбал, 10 жилийн хугацаанд ердөө 181.3 км-ээр нэмэгдсэн байна. Нөхцөл байдал ийм байхад түгжрэл үүсэхээс ч аргагүй. Тэгвэл хүн л болсон хойно түгжрэлд байхдаа бие засах хэрэгтэй болбол яах вэ. Энэ талаар онцлох болсон нь шээсээ удаан барьснаар давсагны үрэвсэл, бөөр шээсний замын халдвар, давсагны үрэвсэл, сүвний үрэвсэл, бага аарцагны хөндийн эрхтний сулрал, эмэгтэйчүүдийн өвчин, улмаар бөөр шээсний замын үжил үүсэх магадлал өндөр байдаг гэнэ. Гэтэл шээсээ барьснаар үүсдэг эдгээр өвчлөлүүд нь 2011-2020 оны хооронд эрчимтэй өссөн байна. Энэ талаар эмч мэргэжилтнүүдээс тодруулахад,
Анагаах ухааны доктор, профессор тэргүүлэх зэргийн эмч Г.Ганхуяг "Хүний шээс бөөр буюу дээд замаар шүүгдэж, дунд зам болох давсганд хуримтлагдаж, доод зам буюу шээсний сүвээр гадагшилдаг. Давсганд нэг удаа 250-300 мл шээс хуримтлагддаг. Хуримтлагдсаны дараа мэдрэлээр дамжин тархинд бие засах дохио өгдөг. Харин дохио өгсний дараа гадагшлуулж чадахгүй байвал давсагны салстаар буцаж хортой бодисууд шимэгдэх магадлал маш өндөр. Өөрөөр хэлбэл, дунд замаар буцаж дээд замд буюу бөөрөнд хортой бодис шимэгдэх магадлал өндөр. Ингэснээр бөөрний үрэвсэл үүсдэг. Мөн мэдрэлийн гаралтай, үрэвслийн гаралтай өвчнүүд үүсдэг. Мэдрэлийн гаралтай өвчин нь юу вэ гэвэл шээс дамжуулах дохиогоо тархинд өгч амжихгүйн шууд гадагшлах, эсвэл шээсээ урт хугацаанд тэвчиж чаддаггүй юм. Үүнийг шээс задгайрах өвчин гэж нэрлэдэг. Харин давсганд 500 мл-ээс дээш шээс хуримтлагдвал давсагны хана сулрах эрсдэлтэй. Зарим тохиолдолд давсганд шээс үлдэх, дутуу шээх явдал гардаг. Ингэснээр бактери нян өсөж үржих аюултай. Улмаар уретрит, уретрын нарийсал үүсэх магадлал өндөр.
Бие махбодын хэвийн үйл ажиллагаатай хүн өдөрт зургаан удаа шээдэг. Харин үүнээс бага шээвэл таны бие махбодын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэсэн үг. Шээсээ удаан барьснаар давсагны үрэвсэл, бөөр шээсний замын халдвар, давсагны үрэвсэл, сүвний үрэвсэл, бага аарцгийн хөндийн эрхтний сулрал, эмэгтэйчүүдийн өвчин, улмаар бөөр шээсний замын үжил үүсэх магадлал өндөр байдаг" хэмээлээ.
2011-2020 онд шээс, бэлгийн тогтолцооны өвчнөөр өвчилсөн хүний тоо эрчимтэй өссөн бөгөөд Улаанбаатар хотод 1120 хүн өвчилжээ. Тэгвэл Улаанбаатар хотод энэхүү өвчин нэмэгдэхэд олон шалтгаан бий ч замын түгжрэлд шээсээ удаан барих нь өвчлөлд тодорхой нөлөө үзүүлж байгааг эмч нар үгүйсгээгүй юм.
НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ НЭМЭГДҮҮЛЬЕ
Монголын өнөөгийн нөхцөл байдалд түгжрэх нь үнэн. Түгжрэл дунд бие засах хэрэгцээ гарах нь үнэн. Тэгвэл одоо яах вэ гэсэн асуулт үлдэж байна. Хамгийн түрүүнд нийслэлд нийтийн бие засах газрыг олноор барих хэрэгтэй. Хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллийг авч үзэхэд 2020 онд нийслэлд нийтийн бие засах 21 газар бий гэх дүн мэдээ гарсан байна. Энэ нь жаран мянга гаруй иргэнд нэг нийтийн бие засах газар оногдож байгаа гэсэн үг. Тэгвэл түгжрэлд хамгийн олон цагийг зарцуулдаг гэж хэлж болох Нисэх, Яармагийн иргэд нийтийн бие засах газар хүрэлцээгүй байгааг хамгийн сайн мэднэ. Тэдний төлөөлөл нэгэн иргэн "Манай гэр Яармагт байдаг. Харин ажил маань Улаанбаатар их дэлгүүрийн хажууд. Би өглөө 06.00 цагт гэрээсээ гардаг. Харин ажил дээр 07.00 цаг өнгөрөөгөөд ирдэг. Оргил түгжрэлийн үеэр гурван цаг явдаг. Замд явж байхад бие засах зайлшгүй шаардлага гарвал цайны газар, караоке зэрэг үйлчилгээний газар машинаа зогсоож бие засдаг. Зарим цайны газар 00-доо оруулдаггүй. Тэгээд л шээсээ тэвчээд үйлчилгээний газруудыг 00-доо нэг оруулчих гээл гуйдаг даа. Зарим тохиолдолд шууд ажилдаа ирэх нь ч бий. Уг нь шээсээ тэвчих эрүүл мэндэд муугаар л нөлөөлдөг" гэсэн юм.
Замын түгжрэлээ мөддөө арилгаж чадахгүй. Сүүлийн таван жил түгжрэлийн талаар эрчимтэй ярьж байгаа ч одоо түгжрэлийг бууруулсан үр дүн нь харагдахгүй байгаа нь үүнийг нотолно. Иймээс нийтийн бие засах газрынхаа тоог нэмж иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна.