УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх оны сонгуулийн тойрог, нэр дэвшигчдийн зарцуулах зардлыг хэлэлцэж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Ажлын албанаас дараах мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Тойргийн хуваарилалт шог байна. Хан-Уул дүүргийг Т.Доржханд гишүүнд өгчээ. Том тойргийг нэр дэвшигчид бүтэн тойрч амжих уу? Залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжинэ гэдэг ч тэдэнд том тойргоор явж, иргэдтэй уулзах санхүүгийн боломж байхгүй. 14 хоногт ийм том тойргоор яаж ч яваад амжихгүй. Монгол өргөн уудам. Бие даан нэр дэвшигч, эмэгтэй нэр дэвшигчид, эрдэмтэд УИХ-ын гишүүд болж чадахгүйг би мэргэн хүн шиг хэлье. Та нар хүнд зориулсан тойрог зуржээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2024 оны сонгууль хүч тэнцвэргүй сонгууль болно. МАН сонгуульд бярдах нь. Ард түмнийг ядууруулж, олон хулгай хийсэн эрх баригчдаас салах цаг ирж байна. Манай нам асуудалтай байсан. Том зорилгын төлөө одоо нэгдэх цаг ирсэн.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Баян-Өлгий аймгийг тусад нь тойрог болгох нь ялгаварлан гадуурхалт болно.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, ажлын хэсгийн ахлагч: Баян-Өлгий аймаг гурван мандаттай. Энэ аймгийн иргэд өөрийн төлөөлөлтэй байх шаардлагатай. Энэ аймгийг гадуурхсан зүйл байхгүй, аймгийн цаашдын ирээдүйн хөгжлийг ч бодолцсон.
УИХ-ын гишүүн Б.Бэйсэн: Баян-Өлгий аймгийг тусад нь, нэг тойрог болгосныг дэмжиж байна. Гэхдээ Үндсэн хуультай харшилж байгааг яаж шийдэх вэ? Манай аймагт тува, урианхай иргэд ч бий. Мөн энэ аймаг стратегийн чухал байршилд оршдог.