Эрчим хүчний салбар дампуурчихсан гэж хэлэхэд хэлстүүлсэн болохгүй. Учир нь өнгөрсөн долоо хоногт цахилгаан хязгаарлаж болзошгүй талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн юм. Тэрээр "Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345 МВт хүртэл авдаг байсныг 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн үндэсний төв мэдээлсэн. Ингэхдээ бичгээр болон амаар мэдэгдсэн байгаа. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж хязгаарлалт хийж байгаа гэх мэдээлэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ албан ёсоор мэдээлэхэд тийм асуудал байхгүй. Эхний ээлжид Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгчид гэж бий. Нийт 124 аж ахуй нэгж бий. Нийт хүчин чадал нь 99,7 МВт. Эдгээр аж ахуй нэгж дээр эхний ээлжид оргил ачааллын үед хэрэглээгээ танана. Давсан тохиолдолд бид таван багц үүсгэсэн. Төвийн харьяанд байгаа 150 орчим сум, зургаан аймаг, Улаанбаатар хотын хэрэглэгч дээр цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэлх хугацаанд хязгаарлана" хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл энэхүү мэдэгдлийг гарсны дараа Оросын талаас цахилгаан хязгаарлахгүй болсон тухай мэдээллийг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов хэлсэн юм.
Эрчим хүчний импортын 18.3 хувийг ОХУ-аас, үлдсэн 81.7 хувийг БНХАУ-аас авч байна. ОХУ аас импортолж буй 312.1 сая кВт эрчим хүч нь баруун бүсийн гурван аймгийг цахилгаанаар хангадаг юм. Тэгвэл ОХУ-аас импортолж авдаг цахилгаан тасалдах, ирэхгүй болбол эрчим хүчний салбар хэрэглээгээ дийлэхгүй, өмнө дурьдсанчлан цахилгаан хязгаарлана гэсэн үг. Тэгвэл цаашид эрчим хүчний салбарыг ОХУ-аас хараат бус, бие даасан болгохын тулд ямар алхам хийх ёстой талаар тайлбарлая. Үүний өмнө эрчим хүчний салбарыг "Өндийлгөх" хэрэгтэй.
ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЬЕ
Манай улсын эрчим хүчний салбар сүүлийн 10 жил алдагдалтай ажиллалаа. Ингэхдээ хэдэн арван тэрбум төгрөгөөр алдагдалтай ажилласан бөгөөд 2019 онд тус салбар 78 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн ч хамгийн том жин дарж буй зүйл бол цахилгааны төлбөрийг Засгийн газар барьсан явдал. Үүнийг ч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр “Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа нь хэрэглэгчийн үнийг өртгөөс нь доогуур борлуулж байгаатай холбоотой. Энэхүү алдагдал нь зөвхөн эрчим хүчний тухай асуудал биш, энэ бол Монгол Улс цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжтай байх тухай асуудал” гэлээ. Эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд цахилгааны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Тэгвэл үнийг хэрхэн чөлөөлөх талаар салбарынхан жилийн өмнө судалгаа хийжээ. Судалгаанд тухайн өдрийн ханшаар нэг кВт цахилгааны төлбөр 175 төгрөг байгааг 228 төгрөг болговол зохистой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж дүгнэсэн байна. Үүнийг багцалбал дундаж цахилгааны хэрэглээтэй өрхийн төлбөр сард 30-40 мянган төгрөг гардаг байсан бол үнийг чөлөөлснөөр 7000-9000 төгрөг нэмэгдэх юм байна. Ийнхүү хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг нэмэх нь тус салбарын алдагдлыг арилгаад зогсохгүй цаашдаа эрчим хүчний найдвартай хангамжтай болоход нэмэр болно. Хэрэв цахилгааны үнийг чөлөөлөхгүй бол эрчим хүчний салбар "Хөл дээрээ зогсож чадахгүй" цаашид ч "Элгээрээ мөлхсөөр" байх болно.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУВЬД ОХУ-ААС ХАРААТ БУС БАЙХ БОЛОМЖ БИЙ
ОХУ-аас авдаг эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэх боломж бий. Энэ бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх юм. Уг төсөл нь биеллээ олбол 90 мВт-ын цахилгаан үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай бөгөөд баруун бүсийг тэр чигт нь цахилгаанаар хангах юм. Энэхүү цахилгаан станц Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Ховд голд баригдана. Усан цахилгаан станц барих тус нутаг дэвсгэрт амьдардаг нутгийн оршин суугчид станц барихыг өнгөрсөн онд эсэргүүцсэн. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрдэнэбүрэн усан цахилгаан станц нь ашиглалтад орвол баруун бүсийн хэрэглээнээс гурав дахин их эрчим хүч гаргах бололцоотой. Энэ нь ОХУ-аас импортолж авдаг эрчим хүчийг дотоодоосоо хангаж чадна гэсэн үг" хэмээсэн.
Эрчим хүчний талаар өгүүлсэн тул ирээдүйн чиг хандлагыг орхихгүй байж болохгүй. Бичвэрээ тус салбарын чиг хандлагын талаар үргэлжлүүлье.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Эрчим хүчний ирээдүйн чиг хандлагаар хөгжингүй улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг нэрлэжээ. Энэ нь хүлэмжийн хийн ялгарал бууруулах, дулаарлыг саармагжуулах, цаг уурын өөрчлөлтийг багасгадаг олон талын давуу талтай юм. Манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээний 90.9 хувийг дулааны цахилгаан станц, 9.7 хувийг нар, салхи усны сэргээгдэх эзэлдэг. Тэгвэл сэргээгдэх эрчим хүчний тухайд манай улс газар нутгийн онцлог байршлаас хамаараад усан цахилгаан станц хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Нөгөө талаар Монгол Улсад үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 90 орчим хувь нүүрсээр ажилладаг технологитой учир нар, салхины эх үүсвэртэй зохицож ажиллаж чаддаггүй байна. Мөн эрчим хүчний хэрэглээ өссөн оргил ачааллын үе болон нэмэлт цахилгаан шаардлагатай үед нар, салхины эх үүсвэр нь үйлдвэрлэл явуулж чаддаггүй том дутагдалтай аж. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай улсад усан цахилгаан станц нь хамгийн тохиромжтой гэж үздэг байна.