Томуу, томуугийн төст өвчин нэмэгдэж байгаа энэ үеэр дахин шүдний гаралтай эрүү нүүр орчмын идээт үрэвсэл их гарч байгаа юм. Хамгийн чухал нь ганцхан шүд цоорсноос болж хагалгаанд орох цаашлаад амь нас эрсдэх аюултай гэнэ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний тасгийн эрхлэгч Ж.Эрдэнэцогт хэллээ. Тэрээр "Эрүү нүүрний үрэвсэлт өвчнийг шүдний болон шүдний бус гэж хоёр ангилдаг. Энэ бол шүд цоорох өвчин болон түүний хүндрэл гэсэн үг. Цоорсон шүдийг эмчлүүлэхгүй удах, оройтож эмчлүүлэх, нөгөө талаараа өвчин үүсгэгч нянгуудын хоруу чанар их байх тусам шүд яс руугаа идээлж үрэвсэж, хавддаг. Хурдан хугацаанд хавддаг.
Цочмог хэлбэрийн идээт үрэвсэл нь архаг хэлбэрийн ясны үрэвсэлд шилжинэ. Ингэсэн тохиолдолд мэс засалд давтан орох хэрэгтэй болно. Хагалгаанд оруулъя гэхэд ясны өөрчилсөн талбайгаас хамаар ч эрүүг зарим тохиолдолд тайрах хэмжээний согог хүүхдэд үлддэг. Энэ нь гоо сайхан болон эрүүний үйл ажиллагаанд хүндрэл үүсгэдэг.
ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 1990 оноос хойш энэ талаар судалгаа хийж эхэлсэн. Тэгвэл 1999 онд манай эмнэлгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт хүүхдүүдийн 28 хувийг шүдний гаралтай эрүү нүүр орчмын үрэвслээр хэвтсэн хүүхдүүд эзэлж байсан бол 2006 онд 30 орчим, 2014-2018 онд 60 хувь болж өссөн. Шүд болон шүдний гаралтай үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүдээ зөв угааж хэвшүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт шүдний эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгээр хамгийн багадаа жилд нэг удаа шүдний үзлэгээр орох ёстой. Энэхүү өвчнийг урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Энэхүү үрэвсэл бол нэг шүд цоорсноос болж байгаа асуудал юм" гэв.
ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын арга зүйч Д.Цэндсүрэн "Өнөөдрийн байдлаар хагалгаанд орсон 13 хүүхдэд боолт хийсэн. Манайд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд ихэвчлэн гурваас долоо хоноод гардаг. Хүүхдийн асран хамгаалагч нь амны хөндийг муу сахиснаас болж эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байна. Боолт хийлгэх гэж байгаа хүүхдүүд сэтгэлзүйн бэлтгэлгүй байдаг. Иймээс эцэг, эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг. Мөн боолтын өрөөгөө айдасгүй харагдуулахын тулд хүүхэлдэйн киноны баатрын зураг зуруулсан.
Сүүлийн үед орны ачаалал 34 хүртэл нэмэгдсэн. Одоо төлөвлөгөөт хагалгаанд 20 гаруй хүүхэд хүлээж байгаа бол яаралтайгаар хагалгаанд орох таван хүүхэд өнөөдөр ирсэн байна. Яаралтай хагалгаанд орж байгаа хүүхдүүд маргаашаас боолтдоо орно" гэлээ.