Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланг УИХ-д танилцуулжээ.
Тодруулбал УИХ-аас 2011 онд баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15.1.4-д Улсын Их Хурал жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хоёр жил тутам хэлэлцэж, дүгнэлт гаргах, 16.1.7-д Засгийн газар жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнгийн талаар УИХ-д тайлагнахаар тус тус заасан байдаг.
Хууль батлагдсанаас хойш Засгийн газар анх удаа 2021 онд тус тайланг УИХ-д тайлагнаж байсан бол 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх удаах тайланг хэлэлцэн дэмжиж, танилцуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн Засгийн газрын тайланг хэлэлцлээ.
Засгийн газрын тайланд УИХ-аас Засгийн газарт 2021 онд өгсөн чиглэл зөвлөмжид нийцүүлэн таван хүрээ асуудлыг тухайлан тусгасны зэрэгцээ олон улсын болон үндэсний түвшний үзүүлэлтэд суурилж үнэлэн үзэхэд жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны дундаж хэрэгжилт 50% буюу “хэрэгжих шатанд” байна.
Үнэлгээнд харгалзан үзсэн олон улсын болон үндэсний түвшний үзүүлэлтүүдэд:
- Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг Эмэгтэйчүүд, бизнес ба хууль эрхзүйн орчны индекс
- Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш жил бүр тооцож гаргаж буй Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлт /индекс/
- Засгийн газраас 2023 онд НҮБ-д танилцуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний Сайн Дурын Илтгэл
- Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүн тус тус хамаарч байна.
Жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг дараах таван хүрээгээр тодорхойлж тайланд дэлгэрэнгүй тусгасан. Үүнд:
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо
- Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт
- Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт
- Жендэрийн бодлого төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналт
- Жендэр судлалыг хөгжүүлэх
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр нийт яамд, нийслэл, 21 аймаг, есөн дүүргээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайланг хуульд заасны дагуу жил бүр хүлээн авч үнэлдэг бөгөөд, яамдыг 41, аймаг, нийслэл, дүүргийг 30 шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд Хууль Зүй, Дотоод хэргийн яам, Барилга, Хот байгуулалтын яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гадаад Харилцааны Яам 50-аас дээш хувийн хэрэгжилттэй, бусад яамд 50-аас доош үнэлгээ үзүүлсэн, орон нутгийн хувьд дийлэнх аймаг, дүүрэг 50-аас дээш хувьтай хэрэгжих шатанд байна гэлээ.
Эх сурвалж: Жендэрийн үндэсний хороо