Нэг сарын өмнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу амиа алдсан мэдээлэл олон нийтийг цочроогоод байв. Бид хэргийн үйл явц хэрхэн өрнөж буй талаар талийгаач хүүгийн ааваас тодрууллаа.
-Та энд юу хийж, ямар зорилгоор явна вэ?
-Би сая үүгээр ойрхон явж байлаа. Анх би сэтгүүлч Өнөрцэцэгтэй холбогдож өөрт тулгарсан асуудлыг сурвалжлуулж байсан юм. Үүний ач тусаар хүүгийн минь алба хааж байсан цэргийн ангиас над руу холбогдсон. Ингээд л миний хувьд сэтгүүлч Өнөрцэцэгийг суллахыг шаардаж гарын үсгээ зурлаа.
-Саяхан болсон харамсалтай хэргийн талаар мэдээлээч, юу болж байгаа вэ?
-Одоогоор хуулиараа шалгагдаж байна. Прокурорын шатандаа явж байгаа учраас хэргийн нарийн ширийнтэй танилцаагүй л явна. Сэтгэл санааны хувьд бид их хэцүү байгаа. Ямар сайн байх вэ дээ. Хууль шүүхийн байгууллага асуудлыг үнэнээр нь шийдэх байх гэж найдаж байна. Түүнийг л хүлээж байна. Дүгнэлт зэрэг нарийн зүйлс гараад ирэхээр сэтгүүлчдэд хандана.
-Шүүх шинжилгээний хариу юу гэж гарсан юм бэ?
-Манай өмгөөлөгч үзээд шаардлага хангаагүй, дутуу хариу байна гээд прокурор луу буцаасан. Тэрийг л хүлээж байна. Энэ тав дахь өдөр бараг гарчих болов уу гэж харж л байна. Үнэндээ чадах ядахаараа араас нь хөөцөлдөж байгаа.
-Танай гэр бүлийн хувьд сэтгэл санаагаараа хохирохын хажуугаар эдийн засаг, цаг хугацаагаараа хохирч, ажлаа алдах асуудлууд гарч байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Зовлонгоо тоочоод байвал өчнөөн л юм байна. Аль болох даван туулж, ар дээр нь гарахыг л бодож байна. Миний хүүгийн дүүд энэ асуудал их хүнд туссан. Гэхдээ эргээд хичээл сургуульдаа явж байгаа. Явахгүй бол болохгүй шүү дээ. Амьдрал үргэлжилнэ. Бага хүү минь хэдэн жилийн дараа дахиад л цэрэгт явна. Явуулахгүй байх талаас нь асууж сураглана гэж бодож байгаа. Одоо бол хүү минь явахгүй л гэж байна. Тухайн үед яах юм байгаа юм. Мэдэхгүй л байна.
-Саяхан Зариг.мн сайтаас асуудал хөндсөн томоохон хэлэлцүүлэг хийсэн шүү дээ. Үүний үр дүн юу байсан бэ?
-Салбарын олон идээ бээрийг шахаж, асуудлыг ил болгож тавьсанд маш их баярлаж байгаа. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр албанынхан анхаарах байх гэж найдаж байна.