Хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хорьж, ном уншихыг шаардах нь сайн үр дүнд хүргэхгүй тухай Нобелийн шагналтнууд хүүхдийн номын санг үүсгэн байгуулагч, судлаач С.Батцэцэг хэлж байна. Түүнтэй бид бага насны хүүхдүүдийг ямар аргаар номонд дурлуулж, номтой нөхөрлүүлэх талаар ярилцсан юм.
Тэрээр, “Манай номын сангаас хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэхийн тулд ямар арга техник ашигладаг вэ, яагаад хүүхдүүд номтой нөхөрлөхгүй байна вэ гэдгийг маш өргөн хүрээнд судалж байгаа.
Нэгдүгээрт орчны нөлөө маш их байна. Жишээ нь хүүхдийг ном унш гээд байгаа мөртөө ямар орчин хэрэгтэйг ээж, аавууд онолын мэдлэгтэйгээр бүрдүүлж өгөх хэрэгтэй. Жишээ нь таван төрөл байна. Нэгдүгээрт гэрлийн орчин байна. Хиймэл гэрэлд хүүхэд ном унших нь өнчин тархинд сөргөөр нөлөөлж, уншсанаа мартах, ойлгохгүй байх асуудал гарч байгаа юм. Тиймээс болж өгвөл цонхны дэргэд, өдрийн цагаар ном унших сандал тавиурыг нь бэлдээд өгөх юм бол уншаад түүнийгээ ойлгодог болно. Мөн харилцааны орчин гэж байна. Энэ нь юуг хэлж байна гэхээр, хүүхэд номоо уншаад суухаар ээж аав нь зурагтаа чангалах, эсвэл дэргэд нь хэрэлдэх үед хүүхэд ээж аавын харилцаанд давхар орж байдаг. Түүнчлэн ахуйн орчин гэж байна. Үүнд мэдээж сандал, ширээ, тухтай буйдан зэрэг орно. Тайван уншиж түүнийгээ ойлгож, төсөөллийн ертөнцөөрөө аялах ахуй бэлдэж өгөх нь маш чухал. Эндээс сэдлийн болоод сэтгэхүйн орчин бага багаар гулгаж орж ирдэг. Ингээд хүүхэд сарын дараа эсвэл жилийн дараа гар утсаа биш номоо сонгоё гэх шийдвэрийг өөрөө гаргана. Түүнээс биш гар утсаа боль гэж загнаж, дарамталж, хүчилж болохгүй.
Сүүлийн үеийн хүүхдүүд дижитал эрин үеийнх болсон учраас гар утас, компьютерийг нь 100 хувь хориглоод байж болохгүй. Арван жилийн дараа тухайн хүүхэд үеийнхэн, дэлхийн жишгээс хоцрох гээд байгаа юм. Үүнийг балансыг тааруулахын тулд эцэг эхийн хүлээн зөвшөөрөл хэрэгтэй.
Бид гурван талд үйл ажиллагаа зохион байгуулдаг.
- Нэгдүгээрт, танхимаар буюу номын санд сууж ном уншуулах,
- Хоёрдугаарт, онлайнаар холбогдож ном унших арга техник заадаг
- Гуравдугаарт, гэр бүл буюу ээж аав хүүхэд хамтдаа ном уншихыг яаж дадал болгох талаар сургалт явуулдаг
Манай номын сангийн нэр “Нобелийн шагналтнууд”. Мэдээж номын сангаасаа нобелийн шагналтан төрөхийг бэлгэдэж энэ нэрийг өгсөн. Алслагдсан дүүрэгт байгаа хүүхдүүд манай номын санд үнэ төлбөргүй хамрагддаг. Сүүлийн үед ном унших хүүхдүүд эрс ихсээд номгүй сандалгүй болоод, хэн түрүүлж ирсэн нь номоо авдаг асуудал үүсэж байгаа учраас сайн ном худалдаж авах зорилго тавин, сандал ширээг нь нэмэх, тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүлэхээр аян өрнүүлсэн. Тэгэхээр та бүхэн ирээдүйн нобелийн шагналтнуудад ерөөлөө өргөхийг хүсвэл доор гарч байгаа манай байгууллагын данс руу сэтгэлийн хандив илгээгээрэй” гэв.