Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Нүүрсний дээжийн шинжилгээний "Алс групп" ХХК-ийн холбоотой асуудал хамгийн чухал. Хамгийн том нүүрсний хулгай бол ангилал хэмээн боддог. Өнгөрсөн хугацаанд долоон сая тонн нүүрсийг эрчим хүчний гээд 10 ам.доллароор зарсан байна.
Хятад улс нүүрсийг найм ангилдаг. Гэтэл манай улс эрчим хүчний, исэлдсэн, хагас, бүтэн кокс хэмээн дөрөв ангилж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсээ ангилах тал дээр анхаарал хандуулах болоогүй юу. Нүүрсний ангилал хооронд асар өндөр үнийн зөрүүтэй.
Танай компани нүүрснийхээ дээжийг хэдэн компаниар шинжлүүлдэг вэ. Эсвэл энэ компаниудын дээжийн шинжилгээний хариуг олон улсын лабораторид шинжлүүлж буй тохиолдол байна уу. Гэрээнд заасны дагуу эрчим хүчний нүүрс зарвал, гарах тутамд дээжээ баталгаажуулаад явах ёстой.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций сумын салбар уурхайн захирал Л.Доржсүрэн: "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2012 оноос өмнө Ашигт малтмалын газрын лабораториор нүүрсээ шинжлүүлдэг байсан. Түүнээс хойш хувийн компаниудаар нүүрсээ шинжлүүлдэг болсон.
Уурхайгаас өдөртөө нүүрсний 35-40 дээж, сардаа 1,000-1,200 дээж шинжлүүлдэг. Өөрсдөө шинжилгээний лабораторитой болж дээж шинжилгээг гүйцэтгэхээр ажиллаж байна. Борлуулж буй нүүрсийг гаалийн баталгаат лабораториор шинжлүүлэх шаардлагатай байдаг.
2021 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний стандартыг шинэчлэх ажил эхлүүлсэн. Үр дүнд нь нүүрсийг Хятад улсад мөрдөгдөж буй найман ангилалд оруулсан. Харин уурхайгаас 3-4 төрлийн нүүрс гардаг.