Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага буюу "Монада" хэмээх том толгойлсон байгууллага Монгол улсад нэг ширхэг байна. Монгол улсын иргэн бүрийн дээр хууль хяналт байна. Харин хуулийн дээр эх орны минь хөх тэнгэр бий.
Угтаа бол иргэн бүр хууль дүрэм журмаа ягштал биелүүлж, зөв л амьдрах учиртай. Энэ нь хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахгүй, үүнд эс оролцох үнэн шударга байх иргэн хүний үүрэг зарчим. Үүнд төрийн бус ч бай, хувь аж ахуй нэгж байгууллага ч бай бүгд хамаарагдах учиртай.
Гэтэл өнөөдөр "Монада" хэмээх байгууллага хэд хэдэн зөрчил гаргасны дотор улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 сая төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэлийг БТСУХ-ны 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд нэгтгүүлээгүй хав дарав уу гэлтэй гурав дахь жилтэйгээ золгож байна.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах талаар,
Засгийн газрын хуралдаанд хоёр удаа допингийн талаар үүссэн асуудлыг хэлэлцсэн байдаг.
ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буйг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ажлын хэсгээс Допингийн эсрэг үндэсний байгууллагад Дэлхийн допингийн эсрэг дүрэм, холбогдох стандарт, удирдамжид нийцүүлсэн дүрэмтэй болох, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд гарын үсэгч зурагч талуудын төлөөллийг оруулах, ВАДА-гаас тавьсан зургаан шаардлагыг дөрвөн сарын хугацаанд багтааж гүйцэтгэхийг зөвлөмж чиглэлийг өнгөрөгч намар өгөөд буй. Тодруулбал энэ заасанчлан дөрвөн сарын хугацаа дуусагавар болоход ердөө ганц сарын хугацаа л үлдээд байна.
Учир мэдэх албаны хүний өгч буй мэдээллээр хамгийн гол асуудал бол "Монадо"-гаас үйл ажиллагааны санхүүгийн тайлангаа үнэн зөв, ил тодоор мэдээлээгүй, тайлангаа Засгийн газрын тохируулагч Агентлаг БТСУХ-нд ирүүлээгүй байгаа ажээ.
Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага /Монадо/-д 2020 онд тухайн үеийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үед хийгдсэн гэрээний гүйцэтгэлийг тайлагнах, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хууль тогтоомжид нийцсэн санхүүгийн баримт өгөх шаардлагыг тавьсан байна. Энэ хүрээнд санхүүгийн тайланг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд Танай шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хариуг албан бичгээр ирүүлснийг БТСУХ-ноос мэдээлээд байгаа юм.
Үүссэн зөрчлийг дурдвал:
• Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллага нь улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 сая төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэлийг БТСУХ-ны 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тайланд нэгтгүүлээгүй,
• Улсын төсвөөс 2020 онд олгосон 455.0 сая төгрөгийн санхүүжилтийн зарцуулаагүй үлдэгдэл 147.9 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлээгүй
• Допингийн хяналтын хөтөлбөр зардлын 71.0 сая төгрөгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн.
• Мөн Компьютер, тоног төхөөрөмж, урсгал засварын зардалд 60.5 сая төгрөгийг зарцуулж, төсвийг зориулалт бусаар зарцуулсан нь тогтоогджээ.
Үнэн хэрэгтээ бол,
Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод дүрмийн,
11.1. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана,
11.2. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд тухайн албан шаардлагад заасан асуудлаар гомдол гаргаагүй нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа болно гэдгийг улсын хорооноос мэдээлээд байна.
Цаашид Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас Аудитын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээг гүйцэтгэсэн тохиолдолд шинээр гэрээ байгуулан холбогдох санхүүжилтийг олгон ажиллах боломжтой болох ажээ.
Ирэх 2024 онд Допингийн эсрэг үйл ажиллагаа 784 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Хамгийн гол нь энэ төсөв мөнгө яг Допингийн эсрэг үйл ажиллагаанд үнэн зөвөөр зарцуулагдах ёстой. Энэ дагуу тайлан мэдээллээ шилэн болгож БТСУХ-нд дүрэм журмын дагуу заасан нь хугацаанд нь ирүүлэх нь зүйн хэрэг.
Допингийн эсрэг байгууллага нь дан ганц тамирчнаас допингийн шинжилгээ авах бус өргөн хүрээнд сургалт судалгаа, зөвлөгөө мэдээллийг зохион байгуулах, мэргэжлийн хүмүүс ажиллуулах, том дүр зургаараа харж зорилготой, үнэн шударга үйл ажиллагаагаа явуулаасай билээ.