Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан 64 настай Сингапурын иргэн Лох Сиен Чи-д анхан шатны шүүхээс1.8 жилийн хорих ял оноож байсан юм. Харин давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сарын 20-нд болж, түүнд оноосон хорих ялыг өөрчлөн 15 сая 400 мянган төгрөгөөр торгох торгуулийн ял болгоод байв.
Уг асуудлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр хэрэг анхан шатны шүүх рүү буцаагдаж буй юм.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2023 оны долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Лох Сиен Чи-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан”,
- 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 1 жил 8 сар хорих ял оногдуулжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Лох Сиен Чи-д оногдуулсан хорих ялыг 15,400,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан" гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар Улсын дээд шүүхээс мэдээллээ.