БНСУ-д хүн амын хөгшрөлт хурдацтай явагдаж, төрөлтийн түвшин түүхэн доод түвшиндээ байгаа энэ үед БНСУ-ын залуучуудын тоо 30 жилийн дараа хоёр дахин буурна гэж статистикийн агентлаг нь мэдэгдлээ. Тодруулбал, 19-34 настай хүмүүсийн тоо 2020 онд 10.21 саяд хүрсэн бол 2050 онд 5.21 сая болж буурах аж. Энэ үр дүнг БНСУ-ын статистикийн агентлагаас гаргасан дүн шинжилгээнд дурджээ. Тус улсын нийт хүн амын дунд залуучуудын эзлэх хувь 2020 онд 20.4 хувьтай байсан бол энэ тоо 2050 онд 11 хувь болж буурах төлөвтэй байна. Мөн энэ насныхны дунд гэрлээгүй хүмүүсийн тоо сүүлийн хэдэн арван жилд өссөн байна. Тухайлбал, 2020 онд 7.84 сая хүн гэрлээгүй байгаа нь энэ насныхны 81.5 хувийг эзэлж байгаа юм.
Энэ хувь 2000 онд 54.5, 2010 онд 68.9 болж өсөж байжээ. Харин эсрэгээрээ эдийн засгийн идэвхтэй залуу эмэгтэйчүүдийн тоо тус улсад огцом нэмэгдэж, 2000 онд 42.3 хувьтай байсан үзүүлэлт 2020 онд 61.1 хувь болж өссөн байна.