Өрөг.mn сайт АНУ-ын Чикаго хотод болсон “Mongolian Days 2023” арга хэмжээг сурвалжилж, та бүхэндээ мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Арга хэмжээний хүрээнд Чикаго хот харъяалагддаг Илинойс мужийн худалдааны танхимын төлөөлөгчид, Америкт бизнес эрхлэж байгаа монголчууд, Монголоос очиж оролцсон бизнес эрхлэгчдийн “Хөрөнгө оруулалтын форум” болсон юм.
Бид энэхүү форумд статистик танилцуулга хийсэн Иллинойс мужийн Эдийн засгийн боломж, худалдааны агентлагийн дэд захиралтай ярилцлаа.
Мужийн эдийн засаг, худалдааны хэлтэс буюу танай байгууллага жижиг бизнесүүдийг ямар бодлогоор хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
Бид Илинойс мужид үйл ажиллагаагаа явуулж буй жижиг бизнесүүдийн экспортыг өсгөхийн тулд ихээхэн дэмжиж ажилладаг. Тэдэнд тохирсон үйлчилгээгээгээр хангахыг эрхэмлэдэг. Тухайлбал экспортыг нэмэхийн тулд санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлдэг. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэвтрүүлж ажлын байр бий болгох дээр нь анхаардаг. Тухайн байгууллага экспорт хийхэд бэлэн болсон тохиолдолд тэднийг төлөөлөн тээвэр логистикийн тал дээр дэмжих, гадаадын орнуудад байрладаг зургаан оффистойгоо холбож, худалдааны мэргэжлийн зөвлөхүүд тусалдаг. Маркетинг, бүртгэлжүүлэлт, сертификат авах тал дээр нь ч анхаарна.
Та арга хэмжээн дээр танилцуулсан илтгэлдээ ажиллах хүчний талаар онцгойлон ярьсан. Манай улсын хувьд ч ажиллах хүч буюу хүний нөөц үргэлжийн том асуудал болдог. Цар тахлаас хойш ажиллах хүчний бодлого хэрхэн өөрчлөгдөж байна?
Тийм ээ, чухал асуулт байна. Бид бүх л салбартаа аль болох бүтээмжтэй байхыг л зорьж ажиллаж байна. Цар тахлаас хойш бидэнд шинэ сорилт тулгарсан. Одоо бүх зүйл онлайн болж байна. Тухайлбал онлайн хурал хийхийг сурлаа. Хэн ч байсан гэсэн дүрсээ хараад л уулзаж болох боломжтой шинэ зүйлсийг нээлээ. Хувийн харилцаа тогтоох тал дээр кофе уугаад ярилцаад суух ч юм уу өдөр тутмын хамтын харилцаа багассан сул талтай л даа. Энэ нь бага зэргийн ч гэсэн өөрчлөлтийг авчирсан. Хүмүүс одоо ихэвчлэн гэрээсээ ажиллаж байна, байгууллагууд холимог тогтолцоогоор ажиллуулах шаардлага тулгарч байна. Хүний нөөцөө үргэлж сургах, олон төрлийн орчин үеийн төхөөрөмжүүдтэй харилцах зэрэг чадваруудад нь анхаарах ёстой болж байна. Зарим мэргэжлүүд бий болж, зарим нь байхгүй болж байна. Энэ их өөрчлөлт зөвхөн биднийх ч биш бүхий л улс орны л асуудал болоод байна.
Судалгаа харвал Монголын ямар бүтээгдэхүүнийг Америкчууд их сонирхоно гэж бодож байна?
Америк тэр тусмаа Чикаго хотын хувьд маш том хот. Энд зөвхөн Америкчуудаас гадна, Европ, Азийн олон улс орнуудын хүмүүс амьдарч байна. Тэгэхээр энд зөвхөн Монгол бүтээгдэхүүнийг худалдаалдаг дэлгүүр заавал байх хэрэгтэй гэж харж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг байнгын дэмжих ажлууд хийгдэж байх хэрэгтэй. Ерөнхийдөө татвар тарифын тал дээр Монгол Америкийн худалдаанд хөнгөлөлтүүд бий. Түүнийг судалж байх хэрэгтэй. Зах зээлийн эдийн засаг маш өрсөлдөөнтэй учраас чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нь чухал.
Та бүтээгдэхүүний жишээ дурдаач?
Ноос ноолууран хувцас зэрэг бүтээгдэхүүнүүд байж болж байна. Ер нь Иллинойс мужид олон төрлийн бараанууд л орж ирж байна. Тэгэхээр тэндэнтэй өрсөлдөх хэмжээний л байх шаардлагатай. Яагаад тэд бүгд энд бизнес хийгээд байна вэ гэхээр бизнесийн орчин давуу тал болж байгаа юм.
Америкт бизнес эрхлэхийн давуу талыг юу гэж тодорхойлох вэ? Тухайлбал жижиг бизнесүүдэд?
Америкийн хувьд өндөр орлоготой улсын тоонд орно. Бүтээгдэхүүний чанарт л анхаарахад өндөр үнээр зарахад ч боломжтой, ашгийн хувь өндөр зах зээл гэсэн үг.