“Видео калл хийнэ”, “Найдвартай ахаас санхүү авна” гэх зарын дагуу холбогдож, долоо хоногийн турш үл таних эмэгтэйтэй танилцан чатлаад, эцэст нь өөрийн нүцгэн зургаа өгсөн эрэгтэй, хохирогч болоход хүрсэн хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарчээ. /Хохирогч эрэгтэйг цаашид Батаа гэж дуудъя/
Батаа фэйсбүүк хуудсан дахь +18 группуудэд элсэн, тэнд нийтэлсэн заруудыг анзаарах болсон байна. Улмаар видео калл хийж, санхүү авна гэх зарыг сонирхон, зар тавьсан залилагч этгээдтэй харилцаа үүсгэх болж л дээ. Өнөөх залилагчийг профайл дээрх зураг шигээ эмэгтэй гэж итгэснээс энэ хэрэг гарсан нь тодорхой. Ингээд Батаа өөрийн нүүр царайгаа харуулсан нүцгэн зургийг тухайн этгээд рүү мессенжрээр явсуулсан аж. Энэ явдлаас хойш хоёр сарын дараа Батааг өнөөх залилагч шантаажилж, эхнэр хүүхэд, гэр бүлийнхэн рүү чинь энэ таван зургийг явууллаа. Үүнийг хүсэхгүй бол 25 сая төгрөг шилжүүл гэж дарамтлах болжээ.
Сонирхолдоо автаж бусдад нүцгэн зургаа явуулсаны гороор Батаа санхүүгийн хямралд орохоос гадна, гэр бүлээ алдаж болзошгүй эрсдлийг дагуулсан байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг мөрдөн шалгаж, илрүүлэхэд зар тавьсан этгээд нь эрэгтэй хүн болох нь тогтоогджээ.
Энэ мэт хөнгөн үйлдлээсээ болж хохирогч болох, амьдралдаа арилахгүй хар толбо үлдээх тохиолдлууд цөөн биш.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын өгч буй мэдээллээр сүүлийн таван жилийн хугацаанд залилангийн 14 мянга гаруй хэрэг бүртгэгджээ. Үүний 97 хувь нь цахимаар үйлдэгдсэн аж.
Цахим хаяг хэрэглэдэггүй, сошиал суваг ашигладаггүй хүн өнөөдөр тун ховор. Бидний амьдралын нэг хэсэг болсон сошиал сүлжээгээр дамжуулан хэрэгтэн этгээд дараагийн хохирогчоо хайж байна. Өөрөөр хэлбэл ТА ДАРААГИЙН БАЙ байж мэдэх тул сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс сэргийлээрэй.