Их Британийн алдарт “The Telegraph”, “Guardian” сэтгүүлүүд Б.Лхагвасүрэн гуайн "Тамгагүй төр" буюу “The Mongol Khan” жүжгийн талаар шүүмж бичжээ. Guardian сэтгүүл Монгол соёлыг сурталчилж чадлаа хэмээн 5 одоос 4 од өгч дүгнэсэн бол Telegraph сэтгүүл хатуу шүүмжилжээ. Тус сэтгүүлд уг жүжгийн талаар хэрхэн бичсэнийг уншигч та бүхэнд орчуулан хүргэж байна.
The Guardian
Эртний нүүдэлчдийн эзэнт гүрний сүр жавхланг харуулсан энэхүү жүжиг нь Монголын соёлын нэрийн хуудас болов. 2000 гаруй жилийн тэртээ буюу Чингис хаанаас ч өмнөх үйл явдлыг энэ жүжиг харуулна. Жүжгийн үйл явдал уян налархай бүжиглэж буй хоёр үнэгээр эхлэх ба 70 гаруй дуучин, бүжигчин, жүжигчин, акробатчин, уран нугараачаас жүжгийн баг бүрдсэн аж. Жүжгийн зохиол эмгэнэлтэй боловч эдгээр уран бүтээлчид тайзан дээр жинхэнэ урлагийг бүтээж байлаа. Бавуугийн Лхагвасүрэнгийн гурван бүлэг эмгэнэлт жүжгээс сэдэвлэсэн Арчуг хааны зохиомол түүх аж. Цаг хугацаа Хүннү гүрний үед үргэлжлэх ба Арчуг хааны их, бага хоёр хатан зэрэг хүү төрүүлж, хаан ширээний төлөөх тулаан эхэлнэ. “The Mongol Khan” жүжиг урвалт, хаан ширээг авахын тулд хоёр нялх хүүхдийг сольж буй тухай өгүүлэх юм. Өөрийгөө золионд гаргаж буй хааны түүхээс хамгийн сэтгэл хөдөлгөсөн нь эмэгтэй дүрүүд байлаа. Тэд эхийн хайр, золиос, зүрх зоригийг тайзан дээр амилуулав.
Энэ жүжгээс онцлохгүй байхын аргагүй бас нэг хэсэг бол бүжигчид. Д.Баярбаатар, Х.Хашхүү нарын дэглэсэн бүжиг дэглэлт нь “The Mongol Khan”-ыг тайзнаа асааж байв. Тулааны хэсгүүдээс гадна эцэг эхийн харуусал, зовлонг бүжгээр харуулна гэдэг амаргүй даваа. Нэг хэсэгт дүрүүд амрагийн харилцаанд орж байгаа мэт харагдавч нөгөө талаасаа яг л ассан гал шиг нэгэн жигд, алмайрмаар байсныг нуух юун. Тус жүжгийг Өвөр Монголд тоглохоор очсон ч эрх баригчид нь зөвшөөрөөгүй байна. Харин энд тэд тайзны соёлыг бүтээж байна.
The Telegraph
“The Mongol Khan” жүжиг нь та бидний мэдэх Чингис хааны түүх биш. 2000 жилийн тэртээх түүхийг өдгөө Монголчууд Их Британитай дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилийн дараа тайзнаа тавив. Хэдий сонирхолтой түүх, сүрдмээр баг боловч “The Mongol Khan” жүжиг маш уйтгартай байсныг нуух аргагүй. Б.Лхагвасүрэнгийн 1998 онд бичсэн зохиолоос сэдэвлэсэн энэ жүжигт бага хатныхаа хүүг хаан ширээнд залгамжилж буй хааны тухай өгүүлнэ. Түүний түшмэл, хорон санаат найз нь бага хатны хүүг их хатны хүүтэй нь сольсноор жүжиг өрнөнө. Үнэндээ энэ бүхнийг нэг хэсэгт, нэг үзэгдэлд л харуулж болохоор байлаа. Гэвч бүхэл бүтэн жүжгийн эхний хагаст зөвхөн энэ хэсгийг л харуулсан юм. Гял цал үзэгдэл, бүжиг ихтэй боловч дуурь, баллет, Шекспирээс авдаг тансаг урлагийн мэдрэмжийг энэ жүжгээс даанч мэдэрч чадсангүй.
Жүжгийн хоёрдугаар хэсэгт маш их аллагатай хүнд хэсгүүд гарна. Харамсалтай нь ямар ч дүрийн хөгжүүлэлт эндээс харагдсангүй. Баатар найруулагчийн баг Колисеумын тайзнаа нэвсийсэн хувцастай, шувуу шиг хөдөлсөн хүмүүс шиг л харагдав. Жүжгийн дуу нь киноны дуу шиг л сонстож, жүжигчид нь хэт уянгын халилтай байсныг дурдах хэрэгтэй.
Соёлын солилцоо ямагт чухал гэдгийг онцольё. Гэхдээ энд ирсэн үзэгчид "төрийг хүнээс дээгүүр тавьсан" суртал ухуулгад тийм ч их автахгүй болов уу гэж найдаж байна.