Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгаагаар 126 хэргийг нэг бүрчлэн шалгажээ. Үүний 15 нь хугацаат цэргийн алба хаах үедээ амь насаа алдсан хэрэг байна. Дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, нэг хэрэг хэрэгсэхгүй болж, гурван хэрэгт дөрвөн хүн эрүүгийн хариуцлага хүлээжээ.
Нийт 126 кейсийн 67 нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний 44.5 хувь нь амиа хорлосон, золгүй тохиолдол байсан гэх зэрэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байна.
Цэргийн анги, байгууллагын нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо хангалтгүй, хугацаат цэргийн алба хаагчидтай харилцах арга барил оновчгүй, амьдрах, байрлах нөхцөл шаардлага хангахгүй байгааг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд багтаажээ.
Түүнчлэн ажлын хэсгээс монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн суурь асуудлыг судлах зорилгоор 19-25 насны 10.000 эрэгтэй хүнийг хамруулахад 60 орчим хувь нь архи, тамхины хэрэглээ, эрүүл зөв хоололтын дадалгүй, хөдөлгөөний дутагдалтай байснаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудалтай байсан гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт эрэгтэйчүүд хамрагддаггүй, гэнэтийн осол, золгүй тохиолдлын 95 хувь нь эрэгтэйчүүд байдаг талаарх тоо баримтыг танилцууллаа. Батлан хамгаалах салбарын сургалтын хөтөлбөрт хүний эрх, жендэрийн ойлголтын талаарх агуулга, модуль байхгүй байгааг тэмдэглэж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд батлан хамгаалах салбарын бодлогод жендэрийн асуудлууд тусгагдан, дэвшилттэй шийдвэр, үр дүн гарч байгааг мэдээллээ.